Хоёр удаа хойшилсон "Нүүрс"-ний гэх К.Айдос нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх Баасан гарагт болно

Хоёр удаа хойшилсон "Нүүрс"-ний гэх К.Айдос нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх Баасан гарагт болно

Нүүрс гэх тодотголтой Авто тээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан К.Айдос нарт холбогдох хэргийг хоёр дахь удаагаа хойшлоод байгаа  билээ.

Тэгвэл тус хэргийг шүүх хурал ирэх баасан гарагт буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд болно. 

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч К.Айдосыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Мэндбаяр, С.Онон, Б.Даваа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан “Хахууль авах” гэмт хэрэгт, шүүгдэгч Л.Балдоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн байдаг.

Харин  шүүгдэгч С.Онон нь ар гэрт гачигдал гарсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд бичгээр ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болох бөгөөд талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоодог. Шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй байх тул шүүх хүсэлтийг хангаж, талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан юм.