ТОДРУУЛГА: “Фейсбүүкт иргэдийн оруулсан зураг, постыг төр хянаж, устгадаг болох” хуулийг ҮАБЗ санал болгосон гэдэг ХУДАЛ мэдээлэл

ТОДРУУЛГА: “Фейсбүүкт иргэдийн оруулсан зураг, постыг төр хянаж, устгадаг болох” хуулийг ҮАБЗ санал болгосон гэдэг ХУДАЛ мэдээлэл

Өнгөрсөн баасан гарагт /2023.01.20/ УИХ-ын чуулганы хуралдаанаар “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг баталсан. Тус хуулийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал өнгөрсөн лхагва гарагт /2023.01.18/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьж, пүрэв гарагт /2023.01.19/ -т Байнгын хороогоор дэмжүүлж баасан гарагт яаралтай горимоор батлуулсан нь энэ юм.

Яаран баталсан тус хуулийг өнгөрсөн өдрүүдэд олон нийт шүүмжилж, МАН-ыг хүний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд бүдүүлгээр халдлаа гэсэн юм. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус хуульд хориг тавихыг иргэд шаардсаар байна. Учир нь тус хууль батлагдсанаар, "Иргэдийн фейсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнд оруулсан зураг, постыг төрөөс хянаж, устгадаг болох нөхцөл" бүрдээд байгаа юм. 

Цаашлаад нэр бүхий хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр “Тус хуулийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу оруулж ирсэн. Тэгэхээр энэ хуульд Ерөнхийлөгч хориг тавихгүй” зэргээр мэдээлэл түгээсэн.

Тэгвэл тус хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих эсэх болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж санал гаргасан талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяраас тодрууллаа.

Тэрбээр “Тус хуульд Ерөнхийлөгч хориг тавих эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж санал болгосон гэдэг худал. Удахгүй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс мэдээлэл гаргана” гэлээ.