Б.Ганбат: Хэдий өрсөлдөгч байсан ч тамирчин хүний хувьд хүндэлж, унасан байхад нь дахиж цохиогүй /ВИДЕО/

Б.Ганбат: Хэдий өрсөлдөгч байсан ч тамирчин хүний хувьд хүндэлж, унасан байхад нь дахиж цохиогүй /ВИДЕО/

Дэлхийн холимог тулааны дэвжээнд Монголын Улсынхаа нэрийг, тамирчин хүнд байх ёстой ёс жудаг хүн чанарын хамт дуудуулж яваа нэгэн монгол залууг бид энэ удаа онцоллоо.

ВИДЕО: 

Түүнийг Холимог тулаанч Баясгалангийн Ганбат гэдэг. Дундговь аймгийн малчны хотноос нийслэл хотыг зорьж, 2013 онд тус спортыг Монгол Улсын гавьяат тамирчин Ж.Нарантунгалагийн удирдлагад сурчээ. Улмаар Монгол Улсад зохион байгуулагддаг тэмцээн уралдаанаас багагүй шагнал хүртэж, 2015 онд MGL-ийн 66-кг жингийн аварга болж байв. Харин өдгөө АНУ-ын хувийн шалтгаанаар зорих болсон ч дуртай спортоо марталгүй явсаар дэлхийн тамирчин болох гараагаа эхлүүлээд буй аж. Тэрбээр энэ талаар ярихдаа "АНУ-д холимог тулааны ноён оргил холбоо нь байдаг учир дуртай юм аа үзэж сонирхъё, аварга болох мөрөөдлөө биелүүлье гэж бодож ирсэн" хэмээсэн юм.

Түүний хувьд зиндаа өндөр тамирчидтай LPA-ийн рингд тоглож буй. Ингэхдээ бэлтгэлээ найзуудтайгаа барилдах, гэх мэтээр хувиараа хангаж байгаа юм. "Дараагийн тоглолт ойрхон болно. Энэ удаа бэлтгэлтэй орох гээд хоёр найзтайгаа хувиараа бэлдэж байгаа" гэх түүний яриаг залгуулж, "Монголдоо ирээд тоглох бодол байгаа эсэхийг" лавлахад "Нэгэнтээ л гаднын улсыг зорьж, зохих холбоодод тоглочхоод буцаж явахдаа улсынхаа рингд гараад яах вэ дээ. Зөв зүйтээ. Ёс жудагтай алхам биш байх гэж бодож байна" хэмээв. Ингээд түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Та юуны түрүүнд манай үзэгч болон уншигчдад өөрийгөө танилцаач?

-Сайн байцгаана уу. iSee.mn сайтыг үзэж буй үзэгч, уншигч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Б.Ганбат гэдэг. Холимог тулаанд дуртай залуу байна.

-Одоо хаана амьдарч байгаа вэ?

-АНУ-ын Seattle хотод амьдарч байна. Энэ газрыг зориод гурав дахь жилийн нүүр үзэж байна даа.

-Холимог тулаанаар хэзээнээс хичээллэж эхлэв. Мөн багшийнхаа талаар яривал?

-Холимог тулаанаар 2013 оноос өдий хүртэл хичээллээд явж байна. Анх монголд хичээллэж эхэлсэн. Ж.Нарантунгалаг гэж гавьяат тамирчин тэр хүнээр сдортын А үсгээ заалгаж хичээллэж эхэлсэн.

-Яагаад энэ спортыг сонгох болсон бэ?

-Зүгээр гэртээ амралтын өдрүүдэд зурагт үзэж хэвтэж байгаад 15 минут зодолдож барилдана, хэн илүү тэвчээртэй, хэн илүү ухаан зарж тоглосон нь ялдаг спорт учраас надад бие организмын хувьд тохирсон спорт шиг санагдсан. Тийм учраас би энэ спортыг сонгож хичээллэж эхэлсэн дээ.

-Хүүхэд насаа хаана өнгөрөөсөн бэ?

-Би багадаа Дундговь аймагт хөдөө мал дээр өссөн. Гурван сайхан суманд нь сургуульд сураад буцаж хөдөөгөө 4,5 жил байж байгаад Улаанбаатар руу орж, 2013 он буюу 25 настайгаасаа холимог тулаанаар хичээллэсэн.

-АНУ-ыг зорих болсон зорилго?

-Холимог тулааны ноён оргил холбоонд нь /UFC/ тоглож үзье. Мөн мөрөөдлийнхөө нэг хэсгээс биелүүлье гэж бодож ирсэн. Одоо эхлэлээ тавиад л эхний тоглолтоо сая хийчхээд л байж байна даа.

-Тоглолтын хувьд анх санал ирсэн үү. Тулалдах хүнээ яаж сонгосон бэ?

-Манай менежер LFA-д нэг санал тавиад эхний хоёр тамирчин тулалдахаас татгалзсан. Тэгээд байж байгаад яг тэмцээн болохоос 10 хоногийн өмнө нэг тамирчин зөвшөөрч надад хариу ирсэн. Тэгээд тоглосон.

-Өрсөлдөгчийн хувьд?

-Ер нь их мундаг багийн тоглогч байсан. Миний өрсөлдөгч нэг ч ялагдаагүй 4-0 той явж байсан. Харин арын баг нь UFC-ийн аварга болсон, олимпын аварга хүмүүс байна лээ.

-Тоглолт эхлээд ер дөө нэг цохисон шүү дээ. Энэ талаар яривал?

-Мэдээж санаан зоргоор цохиж унагана гэж байхгүй. Өрсөлдөгчийн давуу тал, сул талыг нь судалсан. Өөрийнхөө бас давуу, сул талаа судалсан. Өрсөлдөгч маань нэлээд өндөр хүн байсан 180 см. Тиймээс би өөрөөсөө эхэлж орно эсвэл довтолгоонд сөрж орно гэсэн тактикаар явсан. Тэгээд довтолгоонд нь сөрж орж цохиж унагаасан.

-Бас тоглолтын үеэр цохиж унагаад, нэмж цохих гэснээ очиж хараад буцах шиг болсон?

-Цохиж байхад мэдрэгдсэн л дээ нүд нь солийгоод хөлийнх нь шөрмөс татаад уначхаж байгаа юм чинь би дахиад нэмэх шаардлагагүй шүү дээ. Яагаад гэвэл би адилхан тамирчин хүн хоёрдугаарт миний өрсөлдөгч байж намайг хөгжүүлж байгаа учраас тэр хүнийг маш хүндлэх ёстой.

Тэрбээр ийн дурдаад тамирчин хүний талаарх өөрийн бодлоо бидэнтэй хуваалцав. "Бид хэдий өрсөлдөгч байсан ч бид нэг нэгнийгээ хайрлаж байх л хэрэгтэй гэж боддог" тоглолтын дараа нөгөө холбооны залуус болон үзэгчид тамирчин хүнд байх ёстой сайн чанар хэмээн магтаж, талархах үед би бүр их суралцах шиг болсон. Мөн намайг өөр өөрийн зан ааш, арга техникээр өдийг хүртэл сурган хүмүүжүүлсэн. н.Шагдар, н.Ганбаатар багш нарыгаа дахин нэг бодож талархаж байсан. Мөн мартаж болохгүй нэг хүн бол Монголын холимог тулаанчдыг дэлхийд гаргахыг зорин ажиллаж буй Ядон багш Junichi Arai. Энэ хүнд талархаж явдаг хүн цөөнгүй биз"

Таны цаашдын зорилго?

-Ирээдүйн зорилго гэвэл тоглож байгаа энэ мэргэжлийн спортоороо ноён оргилд нь гарч, аварга болохыг л мөрөөдөж байна даа.

-Дараагийн тэмцээн нь хэзээ вэ?

-Одоогоор тов гараагүй байна. Менежер маань л хэлнэ дээ. Гэхдээ ойрмог байгаа байх.

-Өмнөх тэмцээнд бэлтгэлгүй орсон гэж байсан. Энэ удаа бэлтгэлээ хэрхэн хангаж байна?

-Тийм ээ. Энэ удаад сайн бэлдэж орно. Миний хувьд хувиараа энд байгаа найз нөхрүүдтэйгээ барилдаж, бэлтгэлээ хангаж байгаа.

-Гэр бүлийнхэн нь таны бичлэгийг үзсэн үү. Дэмждэг үү?

-Манай ээж ахыг маш их дэмждэг. Бас бичлэг үзсэн байсан. Ээж, ах хоёр их баяртай байна лээ. Ялангуяа ээж.

-Тэмцээний дараа танд сайхан мэдрэмж төрүүлсэн хамгийн гоё зүйл нь юу байсан бэ?

-Ерөөсөө л хүмүүсийн гоё сэтгэгдлүүд гоё санагдсан. Сэтгэгдэл бичсэн бүх хүмүүстээ баярлалаа. Мөн манай спортыг сонирхон хүч үзэж буй залуус маань мэнд хүргэж, амжилт хүссэн. Тамирчин хүний хувьд нутаг нэгт ахан дүүсийн минь мэнд хүч гайхалтай санагдаж байна. Та бүхэндээ талархлаа. Жоохон л хичээвэл бид чадна аа.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

-Та бүхэнд бас баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.

 




Өнөөдөр үхэр өдөр

46 минутын өмнө