СУРВАЛЖИЛГА: Иргэн Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагаа үргэлжилж, хотын төв дэх балгас, шугам хоолой бүрийг шалгаж байна

СУРВАЛЖИЛГА: Иргэн Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагаа үргэлжилж, хотын төв дэх балгас, шугам хоолой бүрийг шалгаж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд” хотхоны ... дугаар байрны ...  тоотоос 2026 оны аравдугаар сарын 29-ний орой гэрээсээ гараад сураггүй алга болсон дуучин Ц.Ариунгоог эрэн хайх ажиллагаа нийслэл даяар үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар эрлийн ажиллагаанд цагдаагийн 950, төрийн захиргааны 547, Дотоод хэргийн их сургуулийн 111 сонсогч, Дотоодын цэргийн 31 алба хаагч, гэрээт харуул хамгаалалтын 20 ажилтан, 145 энгийн иргэн буюу нийт 1,804 хүн дайчлагдан үүрэг гүйцэтгэж байгаа юм.

ВИДЕО:

-АЛБА ХААГЧИД ГУУ ЖАЛГА, ЭЗЭНГҮЙ БАЛГАС, ДУТУУ БАРИГДСАН БАРИЛГА, НИЙТИЙН БАЙР, ТРАНШЕЙНЫ НҮХ ЗЭРГИЙГ НЭГ БҮР ШАЛГАВ-

Бид Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчидтай хамтран эрэн хайх ажиллагаанд оролцож, үйл явцыг газар дээрээс нь сурвалжиллаа. Тус хэлтсийн 54 алба хаагч болон дүүргийн олон нийттэй харилцах албаны 100 гаруй ажилтан бүрэн бүрэлдэхүүнээрээ дайчлагдан, дүүргийн есөн хорооны нутаг дэвсгэрийг хамарсан өргөн хүрээний нэгжлэг, самналт хийсэн юм.

Алба хаагчид гуу жалга, эзэнгүй балгас, дутуу баригдсан барилга, нийтийн байр, траншейны нүх, дулааны шугам хоолойн хонгил зэрэг хүний хөл хүрч болох эрсдэлтэй цэг бүрийг нэг бүрчлэн шалгасан юм.

Харамсалтай нь, өдөржин үргэлжилсэн энэ ажиллагааны явцад алга болсон иргэний ул мөр, хувцас хэрэглэл болон сэжигтэй ямар нэгэн зүйл илэрсэнгүй. Хэдийгээр Баянзүрх дүүргээс эрэл эхэлсэн ч хотын төвийн дүүргүүдийн хяналтгүй орхигдсон балгас, дулааны шугам сүлжээг ийнхүү нэг бүрчлэн шүүж байгаа нь эрлийн хүрээ хэр зэрэг өргөжсөнийг харуулж байлаа.

-ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХЫН ХЯНАЛТЫН КАМЕРГҮЙ ЗАДГАЙ БҮС РҮҮ ОРСНООР ТҮҮНИЙ ДҮРС НЬ ТАСАРСАН-

Иргэн Ц.Ариунгоо тухайн орой гэрээсээ гарахдаа гар утас, цүнх, бичиг баримтаа гэртээ орхисон гэдэг. Цагдаагийн байгууллагаас тэр орчмын хоёр мянга гаруй хяналтын камерын бичлэгийг шүүхэд тэрбээр "Олимп" хотхоны зоорийн давхраар орж гарсны дараа нэг хүнтэй уулзаад, цааш 2.6 километр орчим явган алхсан нь тогтоогдсон байна.

Гэвч "Шинэ 100 айл" болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захын хяналтын камергүй задгай бүс рүү орсноор дүрс нь тасарчээ.

Цагдаагийн байгууллагын албан ёсны зарлалд түүнийг шаргал өнгийн ороолт, цайвар саарал куртик, хар өнгийн өргөн өмд, шар өнгийн түрүүтэй гуталтай гарсан гэж мэдээлсэн бол ар гэрийнхэн нь шар хээтэй ногоон куртик, цайвар ноолууран ороолттой байсан гэж тодотгосон нь үдшийн бүдэг гэрэл болон камерын бичлэгийн чанараас үүдэлтэй зөрүүтэй мэдээлэл гарсныг илтгэж байна. Үүнээс гадна Онцгой байдлын алба хаагчид Туул голын урсгал дагуу завьтай эрэл хийж, хотын захын Бага тэнгэрийн ам, Хүрэл тогоот, Залаатын ам зэрэг газруудаар самнаад байгаа ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

-ТУХАЙН ЭМЭГТЭЙГ ХАРСАН, ЭСВЭЛ ТУХАЙН БҮСЭЭР ЗОРЧСОН АВТОМАШИНЫ ХАР ХАЙРЦАГНЫ БИЧЛЭГ ТАНД БАЙГАА БОЛ ЦАГДААГИЙН 102, 77660102 ДУГААРЫН УТСАНД ЯАРАЛТАЙ МЭДЭЭЛНЭ ҮҮ-

Өндөр барилгуудын дунд орших эзэнгүй балгас, таггүй траншейны нүх, камергүй гудамж талбайнууд нь иргэдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл дагуулж, эрэн сурвалжлах ажиллагаанд ч багагүй саад учруулж байгааг энэхүү сурвалжилгын явцад алба хаагчид онцолж байв. Нөгөөтэйгүүр, олон нийтийн сүлжээгээр "олдсон", "амь насаа алдсан" гэх зэрэг баталгаагүй худал мэдээлэл цацагдаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас албан ёсоор няцааж, эрэн хайх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгааг мэдэгдлээ.

Цагдаагийн байгууллагаас сураггүй болсон иргэний талаарх ач холбогдол бүхий бодит мэдээллийг хууль журмын дагуу үнэлж авахаа зарлаад байна. Хэрэв та 2026 оны аравдугаар сарын 29-ний оройноос хойш тухайн эмэгтэйг харсан, эсвэл тухайн бүсээр зорчсон автомашины хар хайрцагны бичлэг танд байгаа бол цагдаагийн 102, 77660102 дугаарын утсанд яаралтай мэдээлж, эрлийн ажиллагаанд бодит хувь нэмэр оруулна уу.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө