БАРИМТ: Х.Нямбаатартай "Хамагмонгол групп"-ийг хамтран эзэмшиж байсан Б.Сүнжидмаагийн "ББСМО" ХХК нийслэлийн 3.8 тэрбумын тендерт хууль бусаар шалгарсан байж магадгүй байна

БАРИМТ: Х.Нямбаатартай "Хамагмонгол групп"-ийг хамтран эзэмшиж байсан Б.Сүнжидмаагийн "ББСМО" ХХК нийслэлийн 3.8 тэрбумын тендерт хууль бусаар шалгарсан байж магадгүй байна

Хотын дарга асан Х.Нямбаатарыг хуулийн байгууллагаас хэд хэдэн үндэслэлээр яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор түүнийг интерполоор эрэн сурвалжлаад буй. 

Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд, иргэнд 20 гаруй тендерийг хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон байж болзошгүй гэдэг асуудлаар шалгаж байгаа аж. Харин Х.Нямбаатар "Миний хамаарал бүхий компани Төрийн худалдан авах ажиллагаанд нэг ч удаа оролцоогүй" хэмээн мэдэгддэг. 

Тэгвэл Хотын дарга асан Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий нэгдмэл ашиг сонирхолтой Б.Сүнжидмаа гэх хүний үүсгэн байгуулсан нэр бүхий хуулийн этгээдийг хэд хэдэн тендерт хууль бусаар шалгаруулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж.

Тодруулбал, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 3.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий "Сэлбэ дэд төв" орчмын гэр хорооллыг дахин төлөвлөн орон сууцжуулах төслийн ТЭЗҮ, барилгажилтын төсөл, олон улсын зөвлөх үйлчилгээ, зураг төслийг боловсруулах ажлын тендерийг зарласан бөгөөд тус тендерт Б.Сүнжидмаагийн "ББСМО" ХХК шалгарсан байна. Тухайн аж ахуйн нэгж нь өмнө нь зарласан уг тендерт хасагдсан ч дахин зарлахад нь шалгарсан байгаа юм.

Ингэхдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсгийг үндэслэн хянан үзэхэд тус зөвлөх үйлчилгээг 3,553,800,000 (гурав тэрбум тав зуу тавин гурав сая найм зуу мянган) төгрөгөөр хийж гүйцэтгэхээр 2024 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шарлгаруулж, гэрээ байгуулах тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсан хэмээн шалгаруулж байжээ. Үүнд магадгүй Хотын дарга асан Х.Нямбаатарын нөлөө байсан байж болзошгүй байгаа аж. 

Мөн Х.Нямбаатартай хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой байж болзошгүй гэх Б.Сүнжидмаагийн "Ди Би Ти Би" ХХК-ийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан "Соёлын төв өргөө"-ний барилгын их засварын ажлын 678 сая төгрөгийн тендерт мөн шалгаруулжээ.   

Тэгвэл Х.Нямбаатарыг Хотын даргаар ажиллаж байхад дээрх тендерүүдэд шалгарсан, Х.Нямбаатартай хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой байж болзошгүй гэх Б.Сүнжидмаа гэгч хэн бэ гэдэг нь анхаарал татаж буй юм. 

Б.Сүнжидмаа нь Хотын дарга асан Х.Нямбаатартай "Хамагмонгол групп" ХХК-ийг 50, 50 хувиар эзэмшиж байсан нэгэн бөгөөд Х.Нямбаатар нь 2013 онд тус компанийг 100 хувь өөрийн болгож байжээ. Мөн Б.Сүнжидмаа "Соёлын төв өргөө"-ний барилгын их засварын ажлыг авсан "Ди Би Ти Би" ХХК-ийг Х.Нямбаатарын ээж Ш.Гаалиймаагаас шилжүүлэн авч байсан байсан баримт байна. Нэг үгээр хэлбэл тэд нэгдмэл ашиг сонирхолтой этгээдүүд байж магадгүй нь энэ бүхнээс харагдаж буй юм. Нөгөөтээгүүр, Хотын дарга асан Х.Нямбаатар нь Б.Сүнжидмаа гэх эмэгтэйтэй Орхон их сургуульд багшилж байх үеэсээ өнөөг хүртэл харилцаа холбоотой явж ирсэн гэх мэдээлэл ч байна.

Үргэлжлэл бий...

 

 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө