Цахим орчинд хүүхэд хохирсон гэмт хэрэг гарсаар байгаа талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Өнгөрсөн онд буюу 2022 онд “Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах” гэмт хэрэг 40 бүртгэгджээ. Харин “Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах” гэмт хэрэг 6 бүртгэгдсэн байна.
Тухайлбал, С.Э гэгч нь фэйсбүүкийн “А.Анударь, Болоршагай Т.” гэсэн хуурамч хаягуудыг ашиглан фэйсбүүкийн “ХҮҮХДҮҮД” нэртэй нууц групп чат 2022 оны хоёрдугаар сард шинээр үүсгэн, тус групп чатандаа бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэг, зураг зэргийг цуглуулж, хадгалсан байжээ.
Улмаар “ХҮҮХДҮҮД” гэсэн групп чатанд иргэдээс төлбөр авч /5000-10000 төгрөг/ оруулан бага, өсвөр насны хүүхдүүдийн садар самуун агууламж бүхий дүрс, бичлэгийг үзүүлсэн, тараасан гэмт хэргийг илрүүлэн шалгаж, тус этгээдийн үйлдэлд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жилийн хугацаатай хорих ял шийтгэсэн байна.