ШУУРХАЙ: ХБ-наас зээл авахдаа "Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан" хэмээн Г.Байгалмаад зорчих эрх хязгаарлах ял төлөвлөж, шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: ХБ-наас зээл авахдаа "Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан" хэмээн Г.Байгалмаад зорчих эрх хязгаарлах ял төлөвлөж, шүүхэд шилжүүлжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга асан, Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ын Удирдах зөвлөлийн гишүүн Г.Байгалмааг Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор АТГ-аас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр прокурорт шилжүүлээд байсан билээ.

ВИДЕО: 

Тэгвэл Нийслэлийн прокуророос Г.Байгалмаад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал түүнд Эрүүгийн хуулийн 18.6-1, 23.2-1 дэх хэсэг буюу мөнгө угаах, хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэсэн зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байна.

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

23.2 дугаар зүйл. Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах

1.Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ.

Түүнийг "Пирамид-Орд” ХХК-ийг Хөгжлийн банк /ХБ/-наас зээл авахад МоАХ-ын газрыг барьцаанд тавих зөвшөөрөл олгосон Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гарын үсгийг дуурайлгаж зурсан, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх хэргээр шалгаж байсан юм.

Хэргийг эргэн сануулахад, “Пирамид-Орд” ХХК нь 2018 оны зургаадугаар сард “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Харин зээлийнхээ барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй 9 мянга гаруй м.кв газрыг тавьсан байна. Тухайн үед МоАХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан бөгөөд банкнаас зээл авах зөвшөөрлийг Г.Байгалмаа хуурамчаар үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал илрээд байсан юм.

Саяхан Төрийн ордонд болсон Хөгжлийн банкны зээлийг шинжлэн судлах сонсголын үеэр МоАХ-ны газрыг барьцаанд тавих тус холбооны УЗ-ийн хурлын тогтоол хүртэл ил болсон. Товчхондоо, дээрх бүх зөвшөөрлийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга өгсөн байх магадлалтай харагдаж байсан ч ийнхүү Г.Байгалмаа бүх хэргийг “өөр дээрээ авч”, ял сонсохоор тохирсон бололтой.




Улаанбаатарт 9 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ