С.Эрдэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж, Д.Ганбатыг тодруулсан “цахим сонгууль”-ийн программыг С.Эрдэнийн дүү Б.Энхмөрөн хариуцдаг бол, Л.Гүндалай ₮35 саяыг тушаажээ

С.Эрдэнийг Ерөнхийлөгчид дэвшүүлж, Д.Ганбатыг тодруулсан “цахим сонгууль”-ийн программыг С.Эрдэнийн дүү Б.Энхмөрөн хариуцдаг бол, Л.Гүндалай ₮35 саяыг тушаажээ

Улсын дээд шүүх /УДШ/ нь улс төрийн намын талаар эцсийн үнэн зөв “лавлагаа”-г гаргадаг бол, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь “хувь хүн, хуулийн этгээдийн үнэн зөв” лавлагаа, мэдээллийг гаргадаг хуулийн зохицуулалттай.

Энэ утгаараа УДШ-ээс “АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байхгүй” гэсэн тогтоолыг удаа дараа гаргасан. Товчхондоо, “АН-д албан ёсны дарга одоогоор байхгүй” хэмээн УДШ-ээс удаа дараа мэдэгджээ. Гэтэл С.Эрдэнэ өөрийгөө “АН-ын дарга” хэмээж, улмаар тус намынгишүүдээс татвар, дэнчин нэрийдлээр их хэмжээний мөнгө хурааж гэмт хэргийн шинжтэй үйлдлийг удаа дараа гаргаад байгаа ажээ.  

"АН-ын даргын бүртгэл байхгүй" гэсэн УДШ-ийн албан бичиг

-Л.ГҮНДАЛАЙ НАРЫН ЗАРИМ ХҮМҮҮС С.ЭРДЭНИЙН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ЦАХИМ СОНГУУЛЬ”-Д ОРОЛЦОХЫН ТУЛД 35 САЯ ТӨГРӨГ ТУШААЖЭЭ-

Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр С.Эрдэнэ “АН-ын даргыг тодруулах цахим сонгууль” гэгчийг хийж УИХ-ын гишүүн Д.Ганбат, иргэн Л.Гүндалай, Т.Энхсайхан, Д.Эрдэнэсувд, Ж.Сугарсүрэн, Д.Ганбаяр, Н.Болдбаатар гэсэн долоон хүн нэр дэвшжээ. Харин “цахим сонгууль”-ийн дүнгээр Д.Ганбат 20 гаруй мянган хүний санал авч ялалт байгууллаа хэмээн мэдэгдсэн.

Гэтэл тус “цахим сонгууль” гэгчид нэр дэвшсэн Л.Гүндалай өчигдөр /2023.01.30/ мэдээлэл хийж, “С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгууль гэгч нь луйвар, залилан байсан” хэмээн АТГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст С.Эрдэнийг шалгуулахаар гомдол гаргаж байна мэдэгджээ.

ВИДЕО: Л.Гүндалайгийн мэдээлэл

Тэрээр, “С.Эрдэнэ цахим сонгууль гэдэг юм явуулж, нэр дэвшигчдээс удаа дараа их хэмжээний мөнгө авсан. Цахим сонгууль гэдэг нь маш ноотой, ямар программаар хийж, хэн ажиллуулж, ямар үр дүн гараад байгаа, хэдэн хүн оролцоод байгаа гэдэг нь тодорхой биш” хэмээжээ. Тэгвэл С.Эрдэнэ “АН-ын даргыг тодруулах цахим сонгууль” гэгчид нэр дэвшсэн зарим хүмүүсээс “нэр дэвшигчийн дэнчин” хэмээн тус бүр 35 сая төгрөг хураан авсан ажээ. Харин тус мөнгийг Д.Ганбат, Л.Гүндалай, Т.Энхсайхан, Ж.Сугарсүрэн нар төлсөн гэх мэдээлэл байгаа бол Д.Эрдэнэсувд, Д.Ганбаяр, Н.Болдбаатар нарын хүмүүс төлөөгүй байж болзошгүй байгаа аж. Учир нь эдгээр гурван хүн нь С.Эрдэнийн хүмүүс аж. 

-С.ЭРДЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС НЭР ДЭВШИГЧ БОЛГОЖ, Д.ГАНБАТЫГ ДАРГААР ТОДРУУЛСАН “ЦАХИМ СОНГУУЛЬ”-ИЙН ПРОГРАММЫГ С.ЭРДЭНИЙН ДҮҮ Б.ЭНХМӨРӨН ГЭХ ЗАЛУУ ХАРИУЦДАГ БАЙНА-

Хамгийн ноцтой нь, УДШ-ээс “АН-ын дарга буюу тус намыг итгэмжлэлгүй төлөөлөх этгээд байхгүй” гэж удаа дараа тогтоол гаргасаар байтал С.Эрдэнэ “цахим сонгууль” гэгчийг зохион байгуулж, нэр бүхий иргэдээс тус бүр 35 сая төгрөгийг “дэнчин" нэрийдлээр авсан нь Эрүүгийн тухай хуулийн 22.12.1-д заасан “Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах” гэсэн заалтыг зөрчиж байж болзошгүй байгаа ажээ. Энэ нь тогтоогдвол тэрээр гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлж магадгүй байна.

Нөгөө талаар Л.Гүндалай “С.Эрдэнэ намайг залилсан” хэмээн Цагдаагийн байгууллагад хандаж байгаа аж. Энэ талаар Эрүүгийн тухай хуулийн 17.3.2-д Залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл С.Эрдэнэ “цахим сонгууль” гэгчээр, АН-ын даргыг удаа дараа тодруулж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч АН-ын нэр дэвшигчээр өөрийг тодруулж байсан удаатай. Гэтэл тус “цахим сонгууль” гэгчийн программыг С.Эрдэнийн төрсөн дүүгийн хүү Б.Энхмөрөн гэх залуу хариуцан ажиллуулдаг байна.

Товчхондоо, тэрээр цахим санал хураалтын тоон дүнг С.Эрдэнээс өгсөн чиглэлийн дагуу зохиомлоор бий болгодог байж болзошгүй байгаа аж. Энэ талаар ч өмнө нь зохих байгууллагад мэдээлэл ирж түүнийг хандаж байсан байж магадгүй байна. Мөн С.Эрдэнэ сүүлийн үед “АН-ын гишүүдийн цахим хурал” гэгчийг олон удаа хийж өөрт ашигтай шийдвэрүүдийг гаргах болж. Гэтэл “цахим хурал”-ын зохион байгуулалтыг мөн л түүний дүү Б.Энхмөрөн гэх залуу хариуцан ажиллуулдаг байж магадгүй байгаа ажээ.