Н.Энхбаярын боловсруулж, тараасан ҮХНӨ-ийн төсөл нь "ЗГ-ын албан ёсны санал биш" хэмээн ГХЯ-наас гадаадуудад тайлбарлаж эхэлжээ

Н.Энхбаярын боловсруулж, тараасан ҮХНӨ-ийн төсөл нь "ЗГ-ын албан ёсны санал биш" хэмээн ГХЯ-наас гадаадуудад тайлбарлаж эхэлжээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, “Монгол Улсыг бүгд найрамдах улс болгон, УИХ дээд, доод хоёр танхимтай, Ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байсан хүмүүс парламентын гишүүнээр шууд томилогддог болох” гэсэн төслийг боловсруулсан байдаг. Товчхондоо, түүний төсөлд Монгол Улсыг ардчиллаас ухарч, социалист улс болгон системийн өөрчлөлтийг хийх санаа зорилгыг агуулсан гэж дүгнэж буй.

Энэ нь иргэдийн багагүй шүүмжлэлд өртөж, Засгийн газрыг ч албан ёсны мэдээлэл хийхэд хүргэсэн. 

Хамгийн ноцтой нь Н.Энхбаяр өөрийн боловсруулсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн тус төслөө 1000 ширхэг ном болгон хэвлээд Монголд суугаа гадаадын элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд руу төрийн ордны хаягаас илгээсэн байгаа юм.

Гэтэл түүний ҮХНӨ-ийн төслийг хүлээж авсан элчин сайдын яамнууд “гайхаж” Гадаад харилцааны яамтай холбогдож, “Монгол улс ямар өөрчлөлтийг хийх гээд байгаа” талаар асууж, тодруулах болжээ. Харин ГХЯ-наас, “тус төсөл нь Засгийн газрын албан ёсны санал биш, бид социализм руу ухрахгүй” хэмээн тайлбарлаж байгаа ажээ.