Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худал мэдүүлж, улсын хилээр оруулж ирсэн иргэнд 6.6 жилийн хорих ял оноожээ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худал мэдүүлж, улсын хилээр оруулж ирсэн иргэнд 6.6 жилийн хорих ял оноожээ

Шүүгдэгч Ц нь Америкийн Нэгдсэн улсаас 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр илгээсэн ачаанд байсан Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцын 1, 2 дугаар жагсаалтад багтсан бодисыг хүлээн авах зорилгоор Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын харьяа “Юу ти пи эс” гаалийн хяналтын бүсэд бусдын бичиг баримтын хуулбар болон илгээмжийн бичиг зэргийг ашиглан бараа мэдүүлэх өргөдлийн маягтад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэр, төрөл зэргийг “камерын тос” гэж мэдүүлж хууран мэхлэх бодитой оролдлого хийх явцад түүнийг Гаалийн эрх бүхий албан тушаалтан саатуулжээ.

Нийслэлийн Прокурорын газраас Ц-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн тохиолдолд 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар Эрүүгийн хуульд заасан байдаг ба уг гэмт хэрэг нь улсын хилийн халдашгүй, дархан байдлыг алдагдуулдгаас гадна, нийгмийн хор аюул, уршиг их гэмт хэрэг юм.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.