Э.Сэргэлэнбаатар: Койн, токентой холбоотой илт залилангийн шинжтэй ашиг олсон хүмүүсийг шалгаад явж байна

Э.Сэргэлэнбаатар: Койн, токентой холбоотой илт залилангийн шинжтэй ашиг олсон хүмүүсийг шалгаад явж байна

Өнөөдөр /2023.02.01/ цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлуудтай холбоотой мэдээлэл хийлээ.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар, “Манай улс өнгөрсөн хугацаанд 2022 оны хоёрдугаар сараас эхлэн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болсон. Энэ хууль 2021 онд батлагдаад хэрэгжиж эхэлсэн. Энэ салбарын зохицуулагч гол байгууллага нь Санхүүгийн зохицуулах хороо байхаар тусгаж өгсөн. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байгаа этгээдүүдийг бүртгэж, хянаж, шалган гэх чиг үүрэг энэ байгууллагад хамаарна. Цагдаагийн байгууллагад хуулийн хүрээнд ямар шинэ зохицуулалт орсон бэ гэхээр Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 18.19, 18.20-д зааснаар нэгдүгээрт энэ салбарын дотоод мэдээллийг ашиглан хууль бусаар ашиг олж байгаа, хоёрдугаарт энэ салбарын үйл ажиллагаанд арилжаад урвуулан ашиглаж ашиг олж байгаа энэ этгээдүүдэд мөрдөн шалгах ийм зохицуулалт орсон.Цагдаагийн байгууллагаас гадна тагнуулын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулах хуулийн харьяалалтай байгаа. Дээрх хууль үйлчилж эхэлсэнтэй холбогдуулаад 2022 оын зургаадугаар сараас Санхүүгийн зохицуулах хороо виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэж эхэлсэн. Одоогийн байдлаар 12 крипто бирж байна. Бидний судалж үзсэнээр тухайн биржүүдэд 37 койн арилжаалагдаж байгаа. Бид энэ хугацаанд юу хийсэн бэ гэхээр энэ салбарт хамгийн чухал оролцоотой этгээд бол крипто биржүүд юм байна гэж үзээд 2020,2021,2022 онуудад крипто биржийн удирдлагуудтай хэд хэдэн удаа уулзалт хийсэн. Ингэхдээ иргэдэд койн, токен санал болгож байгаа этгээдүүд санхүүгийн гэмт хэрэгт холбогдоогүй, үүнтэй холбоотой мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй байх, санхүүгийн чадавхтай байх ёстой эсвэл санхүүгийн луйвар залилан шинжтэй ийм үйл ажиллагаа явуулах юм бол биржүүд өөрсдөө хариуцлага хүлээх ёстой. Биржүүд койн, токен авахдаа энэ шалгуурыг хангасан гэх шаардлагыг тавьсан. Илт залилангийн шинжтэй, босгосон хөрөнгөө хувьдаа ашиглаад байр, машин аваад унаж байгаа эсвэл дотоод мэдээллээ ашиглаад ашиг олсон хүмүүсийг шалгана. Шалгаад явж байгаа” гэв.