С.Чинзориг: Ж.Энхцэцэгийг буцаан томилох шийдвэр гараагүй

С.Чинзориг: Ж.Энхцэцэгийг буцаан томилох шийдвэр гараагүй

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг өнгөрсөн аравдугаар сарын 13-ны /2022.10.13/ өдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал, түүнийг удаа дараа ёс зүйн алдаа гаргасан болон хугацаат үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд тушаал гаргаж чөлөөлсөн. 

Уг асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ажлын хэсэг гаргаж "Өргөө" амаржих газарт шалгалт оруулсан ч одоогоор хариу гараагүй байгаа юм. Мөн Ж.Энхцэцэг нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэх асуудлаар Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг шүүхэд өгсөн билээ.  Тэгвэл 21 хоногийн өмнө Эрүүл мэндийн сайдаар томилогдсон С.Чинзориг нь саяхан Ж.Энхцэцэгийг хүлээн авч уулзаад "Өргөө" амаржих газрын захиралд дахин томилж магадгүй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл уг асуудлаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Ж.Энхцэцэгийг буцаан томилох шийдвэр гараагүй. Миний хувьд эрүүл мэндийн салбарт олон жил ажилласан, АШУҮИС-д багшилж байсан туршлагатай хүнийх нь хувьд уулзаж, санал бодлыг нь сонссон. Томилгооны тухайд хоёр ажлын хэсгийн дүгнэлт гарсан юм билээ. Цаашид бол “Өргөө” амаржих газрын даргыг яаралтай томилох шаардлагатай. “Хүрээ”, “Өргөө” амаржих газрын даргыг нэг хүн давхар үүрэг гүйцэтгээд явж байна. Ер нь бол энэ томилгоог нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлах байр суурьтай байна” гэлээ.