Ж.Мөнхбат явсан ч МАН-ынхан ҮХНӨ-ийг хийх боломжтой бөгөөд Архангайд УИХ-ын нөхөн сонгууль хийхгүйгээр төлөвлөж байгаа аж

Ж.Мөнхбат явсан ч МАН-ынхан ҮХНӨ-ийг хийх боломжтой бөгөөд Архангайд УИХ-ын нөхөн сонгууль хийхгүйгээр төлөвлөж байгаа аж

Ж.Мөнхбат УИХ-ын гишүүнээсээ татгалзах хүсэлтээ энэ сарын 30-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлснээ өчигдөр /2023.02.01/ албан ёсоор ил болгов. Түүний шийдвэрийг олон нийт анхааралтай хүлээн авч цаашид ямар процесс өрнөхийг сонирхож буй.

Тэрбээр энэхүү хүсэлтээ УИХ-ын тухай хуулийн 10.1.2-т заасан “Хүндэтгэн үзэх шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн зөвшөөрсөн бол УИХ-ын гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болно” заалтын дагуу гаргасан. Өмнө нь яг энэ агуулгаар Н.Номтойбаяр, Д.Гантулга, Р.Амаржаргал, У.Хүрэлсүх, Б.Батзориг нарыг бүрэн эрхийн хугацаа нь дуусахаас өмнө чөлөөлж байв. Харин Ж.Мөнхбат гишүүний хүсэлтийг хаврын чуулган эхэлсний дараа хэлэлцэнэ гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Тодруулбал, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэж олонхийн саналаар шийдвэрлэнэ. Мөн УИХ-ын гишүүн нь ээлжит сонгууль болохоос өмнөх нэг жил дотор орон, гарсан бол нөхөн сонгууль хийхгүй.

Иймд Ж.Мөнхбат гишүүний хувьд нэг жил зургаан орчим сарын өмнө чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн нь Архангайд нөхөн сонгууль хийх нь хуулиар боломжтой гэсэн үг. Гэхдээ МАН-ынхан нөхөн сонгууль хийхгүй гэж төлөвлөж буй бөгөөд ганцхан жил гишүүнээр ажиллах хүн ч байхгүй байх болов уу.

Нөгөөтэй Ж.Мөнхбатыг УИХ-ын гишүүнээсээ татгалзсанаар өнгөрсөн хугацаанд ярьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт /ҮХНӨ/-ийг хийх боломжгүй болно гэх мэдээлэл гараад буй. Тодруулбал, Үндсэн хуулийн 69.1-т "Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар батална" мөн хуулийн 21.1-т "Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна" гэж гишүүдийн тоог нарийвчлан заасан.

Үндсэн хуулин дахь уг зохицуулалтаар хаврын чуулганаар Ж.Мөнхбатыг бүрэн эрхээс нь чөлөөлсөн тохиолдолд УИХ-ын гишүүний тоо 76 биш 75 болж, Үндсэн хууль дахь "УИХ-ын нийт гишүүний дөрөвний гурваас..." гэх агуулга хэрэгжих боломжгүй болно. Тиймээс тэрбээр Ерөнхий сайдтай дээрх асуудлаар “нүүрсний хэрэг”-ээ наймаалцах гэж магадгүй гэх хардлага олон нийтэд төрөөд буй.

Учир нь түүнийг нүүрсний хэрэгт холбогдуулан АТГ-аас яллагдагчаар татаад байгаа юм. Тэгвэл энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Ж.Мөнхбат гишүүнийг чөлөөлсөн тохиолдолд ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх боломжтой. Учир нь нийт гишүүний дөрөвний гурав буюу 58 гишүүн бий учир Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзнэ” гэсэн юм.