ҮХНӨ-ийн төсөл Ж.Мөнхбат нарын нүүрс, ХБ-ны хэрэгт холбогдсон 13 гишүүний эсэргүүцэлтэй тулгарч, АН­-ын найман гишүүн үнэд оржээ

ҮХНӨ-ийн төсөл Ж.Мөнхбат нарын нүүрс, ХБ-ны хэрэгт холбогдсон 13 гишүүний эсэргүүцэлтэй тулгарч, АН­-ын найман гишүүн үнэд оржээ

УИХ­-ын гишүүн Ж.Мөнхбатыг “Нүүрсний” хэрэгтэй холбогдуулан яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Харин түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас УИХ-д орж ирээгүй байгаа.

Харин тэрээр өчигдөр /2023.01.01/ УИХ­-ын гишүүний бүрэн эрхээсээ бүрмөсөн татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэрээр энэ талаараа манайд хэвлэлд өгсөн тайлбартаа, “Надад ямар нэг дарамт шахалт ирээгүй. Би УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ бүрмөсөн татгалзах хүсэлт гаргаж байгаа. Тодруулбал, хуулийн байгууллагад шалгуулж дуусаад УИХ-д дахин орж ирэхгүй” гэсэн юм.

-УИХ-Д НҮҮРС, ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ, ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН 13 ГИШҮҮН БАЙНА-

Тэгвэл Ж.Мөнхбат “бүрэн эрхээсээ татгалзлаа” хэмээн мэдэгдсэн нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт /ҮХНӨ/-ийн төсөлд саад хийж, өөрийг нь шалгаж эхэлсэн асуудлаараа наймаалцах гэсэн оролдлого байж магадгүй байна. Учир нь МАН-ын удирдлагууд УИХ­-ын гишүүдийн тоог нэмэгдүүлж, сонгуулийг холимог системээр хийхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж буй. ҮХНӨ-ийг хийхийн тулд УИХ­-ын гишүүдийн ¾ буюу 57 гишүүн дэмжих хуулийн зохицуулалттай.

Энэ талаар Үндсэн хуулийн 69.1-т "Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй саналаар батална" гэж заажээ.

Гэтэл УИХ-д МАН-аас сонгогдсон 62 гишүүн Ж.Мөнхбат гарснаар 61 болж буурах ба нөгөө талаар “Нүүрсний” гэх хэрэгт холбогдсон Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын зургаан гишүүн, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Х.Ганхуяг, Д.Амартүвшин, Ц.Баатарбилэг нарын найман гишүүн дэмжихгүй байж магадгүй байна.

Нөгөө талд яллагдагчаар татагдаад буй УИХ дахь АН-ын бүлгийн Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн мөн Н.Алтанхуяг нар МАН­-ын ҮХНӨ-ийн төслийг дэмжихгүй, парламентад унаж магадгүй юм. Гэтэл УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Л.Гантөмөрийг АН­-ын даргаараа тодруулаад УДШ-д хандаад буй.

Товчхондоо, тэд эрх баригчдаас Л.Гантөмөрийг УДШ-д бүртгүүлэхэд дэмжих юм бол ҮХНӨ-ийн төслийг парламентад дэмжин гэсэн тулгалтыг хийж байгаа аж. Ингэсэн тохиолдолд УИХ дахь АН-ын бүлгийн /Д.Ганбат, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн / найман гишүүн  дээр МАН­-ын 52 гишүүн санал дээр нэмэгдээд ҮХНӨ-ийн төсөл батлагдаж магадгүй байгаа аж.