Бусдын дээрээс кофе асгаж, танхайрсан Б.Ариунзаяад холбогдох хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзжээ

Бусдын дээрээс кофе асгаж, танхайрсан Б.Ариунзаяад холбогдох хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзжээ

Бусдын дээрээс кофе асгаж, танхайрсан Б.Ариунзаяад холбогдох хэргийг прокурорт буцаах шаардлагатай гэж үзжээ. Тодруулбал, Б.Ариунзаяад холбогдох хэргийг шүүх давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд болжээ. 

Б.Ариунзаяа нь 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шангрилла молл” худалдааны төвийн 1 давхарт байрлах “Томн Томмс” кофе шопд Б.Мандухайтай үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж, улмаар түүнийг баруун хөлөөрөө өшиглөх, барьж явсан халуун кофег толгой дээр нь асгах байдлаар биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 

мөн 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, “Fell” пабад үйлчлүүлж байхдаа бусадтай маргалдсаны улмаас тус пабын зарим эд хөрөнгийг гэмтээн Х.Жавхланд нийт 516.700 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ. 

Прокуророос Б.Ариунзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Анхан шатны шүүх Б.Ариунзаяатай хамт явж байсан эмэгтэйгээс мэдүүлэг аваагүй, Б.Ариунзаяагийн хувийн байдлыг тогтоосон баримтууд хэрэгт бүрэн авагдаагүй, түүний сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан нөхцөл байдал байсан эсэх сэтгэцийн байдлыг нь тогтоолгох шаардлагатай гэх үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ. 

Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, Ц.Баярмаа нарын гомдол, прокурорын эсэргүүцэл зэргийг үндэслэн хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн 3 үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасныг үндэслэлтэй гэж дүгнэж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээв. Учир нь, хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан дээрх ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэх шаардлагатай байна.