ШУУРХАЙ: "Т.Аюурсайханыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавья" гэсэн прокурорын саналыг өнөөдөр шүүх хэлэлцэхээр болжээ

ШУУРХАЙ: "Т.Аюурсайханыг яллагдагчаар татаж, хилийн хориг тавья" гэсэн прокурорын саналыг өнөөдөр шүүх хэлэлцэхээр болжээ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханы "туслах"-уудыг "хууль бус мөнгөө хэлбэрийг нь өөрчилж, хаус хороолол барьсан" хэмээн шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Үүнтэй холбоотойгоор АТГ-аас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлээд байсан.

Тэгвэл прокуророос Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. Мөн үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5.1 дэх хэсэгт зааснаар түүнд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга  хэмжээ авах  саналаа прокуророос шүүхэд хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээлэв. 

14.5 дугаар зүйл. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ

1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ" гэж заажээ. 

Товчхондоо, нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханд хилийн хориг тавих таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын дээрх саналыг өнөөдөр /2023.02.03/ шүүх хэлэлцэж, түүнд хилийн хориг тавих эсэхийг шийдэх юм.