Капитал банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Капитал банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох хэргийг шүүх хурал хойшиллоо

Нийслэлийн Прокурорын газраас Капитал Банкны удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, Капитал Банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд, гүйцэтгэх захирлын орлогч Б.Янжин, дэд бөгөөд Зээлийн газрын захирал С.Дэлгэрцэцэг нар нь Монголбанкнаас тогтоосон банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээлийн төвлөрлийн зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаж ажиллаагүйн улмаас тус банкны хэвийн үйл ажиллагаа алдагдан банкийг төлбөрийн чадваргүй болгож, тус банканд мөнгөн хөрөнгө байршуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйл.

2.Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкийг төлбөрийн чадваргүй болгосон, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. 

Тус хэргийн гэм буруугийн хурал өнөөдөр дээрх шүүхэд болохоор товлоод байсан юм. Харин шүүх хурал хойшилсон талаар эх сурвалж мэдээлэв. Ташрамд өгүүлэхэд, Дээрх хэргийн улмаас иргэн болон аж ахуйн нэгж, байгууллагад нийт 104 тэрбум 651 сая(104,651,000,000) төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 94 тэрбум 889 сая(94,889,000,000) төгрөг нөхөн төлөгдсөн аж.