“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн сарын 18 /2023.01.18/-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөлд “Төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий иргэн төрийн гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглоно” хэмээсэн юм.
Хэрэв тус хууль батлагдвал, “улс төрч эрхмүүдийн хүү, охин, хүргэн, бэрүүд төрд өндөр албан тушаал хашдаггүй” болно.
Харин Засгийн газрын боловсруулсан уг хуулийн төслийг судлаачид хоёр янзаар тайлбарлаж буй. Тухайлбал, “энгийн иргэний хүүхдүүд төрд өндөр албан тушаал хаших боломж бүрдэнэ гэж байгаа бол, нөгөө талаар улс төрч аав, ээжтэй залуучуудын хөдөлмөр эрхлэх эрх нь зөрчигдөнө” гэж буй юм.
-УИХ ДАХЬ МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ТОГТОХСҮРЭНГИЙН ХҮРГЭН Ц.ЭНХМӨРӨН НҮБ ДАХЬ МОНГОЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАРТ ТОМИЛОГДЖЭЭ-
Тэгвэл манай сайт өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хүргэн Ц.Энхмөрөн гэх 30 гаруй насны залуу Монголбанканы “Бүртгэлийн газар”-т хэлтсийн захирал хийж байгаа талаар мэдээлж байсан. Харин Д.Тогтохсүрэн даргын охин, Ц.Энхмөрөнгийн эхнэр Т.Долгор Монголбанканд мөн бүртгэлийн нягтлан хийж байсан байгаа юм. Товчхондоо, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн охин, хүргэн хоёр нэг газар ажилладаг байжээ. Харин “даргын хүүхэд Монголбанканд захирал хийж байхад жирийн иргэний хүүхдэд ийм боломж олдсонгүй” гэх шүүмжлэлд өртөөд байсан Ц.Энхмөрөн ажлын байр, амьдрах газраа АНУ болгон өөрчилсөн байна.
Тодруулбал,МАН-ын бүлгийн дарга Т.Тогтохсүрэнгийн хүргэн Ц.Энхмөрөн Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газарт өнгөрөгч аравдугаар сар /2022.10/-д ажилд томилогдсон байна.
Сонирхуулахад, НҮБ дахь Монголын төлөөлөгчийн газар нь Элчин сайдын яамны статустай бөгөөд байнгын төлөөлөгчийг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх томилдог бол, бусад албан тушаалтнуудыг нь Гадаад харилцааны яамнаас томилдог байна. Энэ утгаараа Ц.Энхмөрөнг НҮБ дахь Монголын төлөөлөгчийн газарт ажилд ороход хадам аав, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Гадаад харилцааны яаманд нөлөөлсөн байж болзошгүй юм. Товчхондоо, тэрээр Монголбанканд хэлтсийн захирал, АНУ-д байх НҮБ дахь Монголын төлөөлөгчийн газар гээд жирийн иргэдийн хүүхэд ажилд ороод байхгүй албан тушаалд томилогдон дэвшиж байгаа юм. НҮБ дахь Монголын төлөөлөгчийн газрын вэб сайтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Нөгөө талаар Монголоос гадаад оронд суугаа Элчин сайдын яамны ажилчдын хангаж, амьдрах орон байр, цалин хөлсийг тухайн орны хөдөлмөрийн хөлсний жишгээр улсаас хариуцдаг. Мөн Элчин сайдын яамны ихэнх ажилчид гэр бүлийн хамт тухай улсад амьдардаг бөгөөд хүүхдүүдээ ч тухайн орны сургуульд хамруулан суралцуулдаг.
Энэ утгаараа Ц.Энхмөрөн гэр бүлийн хамтаар АНУ-д амьдарч байж магадгүй юм. Нөгөө талаар Монголбанканд хэлтсийн захирал хийж байсан залуу ямар шаардлага хангаад НҮБ дахь Монголын төлөөлөгчийн газарт ажилд орсон нь анхаарал татна. Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хувьд насаараа МАН-д улс төр хийж, 2016 оноос өмнө Өвөрхангай аймгийн засаг даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдон 7 жил болж байгаа нэгэн. Улмаар 2018 оноос хойш УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар томилогдсон ч, том улс төрд хүч үзээд, манлайлаад байдаггүй чимээгүй нэгэн ч гэж хэлдэг.