Нэн ховор ургамал болох "Вансэмбэрүү цэцэг"-ийг хууль бусаар худалдаж байсныг илрүүлжээ

Нэн ховор ургамал болох "Вансэмбэрүү цэцэг"-ийг хууль бусаар худалдаж байсныг илрүүлжээ

Энэ сарын 15-нд Байгалийн ургамлын тухай хуулиар “Нэн ховор ургамлын жагсаалт”-д багтсан вансэмбэрүү (saussurea involucrata) цэцэгт ургамлыг иргэн “Д” гар дээрээс худалдан борлуулж байсныг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Урьдчилсан байдлаар иргэн “Д” вансэмбэрүү цэцгийг бусдаас худалдан авч, хадгалж ашиг олох зорилгоор цааш дамнан борлуулж байсан нь тогтоогдсон бөгөөд 1,2 кг-ыг хурааж авсан байна. Тухайн ургамлыг Байгалийн ургамлын тухай хуульд зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах эрх зүйн зохицуулалттай байдаг. Харин Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд зохих зөвшөөрөлгүйгээр судалгаа шинжилгээнээс өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг ашиглавал хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг.

Вансэмбэрүү Монгол орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар тархан ургадаг маш ховор 132 ургамлын нэг бөгөөд 1997 онд “Улаан ном”-д бүртгэгдсэн дархан цаазтай ургамал юм. Энэ хэрэгтэй холбогдуулан иргэдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж нэн ховор ургамал түүж, бэлтгэж байгаа талаарх мэдээллийг холбогдох хууль хяналтын байгууллага, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэж байхыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.