Фэйсбүүкээр танилцан дотносож эд хөрөнгийг нь авахаар заналхийлсэн этгээдэд хорих ял оноов

Фэйсбүүкээр танилцан дотносож эд хөрөнгийг нь авахаар заналхийлсэн этгээдэд хорих ял оноов

Иргэн Х нь О-той фэйсбүүкээр танилцаж 2,3 сар зурвасаар харилцан дотноссон байна. Улмаар 2022 оны дөрөвдүгээр сард "гэртээ уулзъя" гэж дуудан түүнтэй бэлгийн харилцаанд оржээ.

Ингэхдээ хохирогчид мэдэгдэлгүй бичлэг хийж түүнээс хойш автомашин авч өг, 15 сая төгрөг өгөхгүй бол ойр дотны гэр бүлийнхэнд нь бичлэгийг явуулна, цахим орчинд тараана. Танайх гоё байшинтай юм билээ, гурав хоногийн дотор мөнгө олж өг" гэх зэргээр зурвас бичиж зураг явуулж дарамталж заналхийлсэн байна.

Прокуророос Х-г “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхөөр шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилжээ.

Шүүх Х-г бусдын эд хөрөнгийг авахаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндэд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэм буруутай гэж дүгнэж Х-ийн гэм буруутай үйлдэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, зэргийг тус тус харгалзан үзэж шүүгдэгч Х-д хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Шийдвэрийн тойм бэлтгэсэн: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө