Алтан овоо, Шилийн богдын чиглэл дэх замын хяналт, шалгалт шинийн 15-ныг хүртэл үргэлжилнэ

Алтан овоо, Шилийн богдын чиглэл дэх замын хяналт, шалгалт шинийн 15-ныг хүртэл үргэлжилнэ

Сар шинийн баярын үеэр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овоо, Шилийн богд хайрханд мөргөж, шинийн 8-ны нарыг харах гэсэн аялагч, зорчигчдын тоо эрс нэмэгдэж, 5000 гаруй тээврийн хэрэгсэл, 20-30 мянга орчим иргэд очиж, энэ хэрээр замын хөдөлгөөний эрчим нэмэгдсэнтэй холбоотой зам тээврийн осол, хэргүүд ихээр үйлдэгддэг байна.

Энэ оны Сар шинийн баярын өдрүүдэд төрийн тахилгат Алтан овоо, Шилийн богд хайрханыг зорин 3000 гаруй тээврийн хэрэгсэл, 15 мянга орчим иргэд очсон бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас иргэдийн амар тайван, аюулгүй зорчих, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчдыг цагийн менежментийн дагуу 6 цэгт хяналтын пост гарган ажилласан бөгөөд энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31 бүртгэгдсэн байна. Тус аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн Алтан овоо, Шилийн богдын чиглэлд зорчих иргэдийн хөдөлгөөнд шинийн 15-ныг хүртэлх хугацаанд хяналт тавьж, цагийн менежментийн дагуу хяналтын постыг ажиллуулан жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг ханган ажиллана гэж мэдэгдлээ.

Иргэд та бүхэн болзошгүй ослоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, замын нөхцөлд хурдаа тохируулж явах, хамгаалах бүс хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх, байгаль орчныг бохирдуулж, хор хохирол учруулахаас урьдчилан сэргийлж аялахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.