Хоёроос дээш жил тариалалт хийгээгүй газрыг хураан авна

Хоёроос дээш жил тариалалт хийгээгүй газрыг хураан авна

Сумын Засаг дарга Д ХХК-ийн тариалангийн зориулалтаар эзэмшдэг 156,34 га газраас мод тарьсан 30 га газрыг тус компанийн эзэмшилд хэвээр үлдээж, 80,34 га газрын төлөв байдлыг доройтуулж, элсэн бүрхэвч үүсгэсэн 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэсэн үндэслэлээр хурааж, хураасан газрын холбогдох хэсгийг иргэн А-д эзэмшүүлжээ.

Д ХХК нь “... газар эзэмших үүргээ хуульд заасны дагуу биелүүлсэн, сумын Засаг даргын шийдвэр үндэслэлгүй...” гэж үзэн газар эзэмших эрхийг хэсэгчлэн хүчингүй болгосон захирамж болон иргэн А-д газар эзэмшүүлсэн захирамжийг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан.

Д ХХК 2008 онд анх тариалангийн газар эзэмших эрхтэй болсноос хойш 2017-2020 онуудад 30 га талбайд чацаргана тариалснаас өөр байдлаар газраа ашиглаагүй, мөн иргэн А-д эзэмшүүлсэн газар нь Д ХХК-ийн эзэмшилд үлдээсэн 30 га газартай давхцаагүй байна.

Тариалангийн тухай хуульд тариалангийн газрыг атаршуулахыг хориглох бөгөөд сумын Засаг дарга газар эзэмшигч нь хоёроос дээш жил эзэмшил газартаа бүрэн болон хэсэгчлэн тариалалт хийгээгүй бол тариалалт хийгээгүй газрын хэмжээгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан. Энэ нь газрыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу үндсэн зориулалтаар нь үр ашигтай, зохистой эзэмших, хамгаалах, нөхөн сэргээх зарчимтай нийцэх юм.

Шүүх сумын Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Д ХХК-ийн газар эзэмших эрхийг хэсэгчлэн цуцалсан, А-д газар эзэмшүүлсэн нь хуульд нийцсэн гэж дүгнэн Д ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.




Өнөөдөр бар өдөр

28 минутын өмнө