НЦУГ: Сүүлийн гурван жилд нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 29 этгээдийг яллагдагчаар татсан

НЦУГ: Сүүлийн гурван жилд нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 29 этгээдийг яллагдагчаар татсан

Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагуудтай хамтран автомашины "Нүүрсэн яндан хулгайлах" гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэг өнөөдөр /2023.03.03/ болж байна. Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл өгөв.

Үүнд сүүлийн гурван жилийн байдлаар нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн 29 этгээдийг яллагдагчаар татсанаас 8 яллагдагчид цагдан хорих, 21 яллагдагчид бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтоолоор гэм буруутай болохыг тогтоож, Зорчих эрхийг хязгаарлах ялаар 9, хорих ялаар 6, тэнсэн харгалзах ялаар 3, нийт 18 этгээд ял шийтгэгдсэн. Одоо мөрдөн шалгах ажиллагаанд 11 этгээд яллагдагчаар татагдан шалгагдаж байна.

Автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргын 2023 оны нэгдүгээр сарын 09-ний өдрийн А/01 дугаартай тушаалаар энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг олж тогтоох, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдийг шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна.

Ажлын хэсгийн хүрээнд Нийслэл хотын нутаг дэвсгэрт автомашины нүүрсэн яндан хулгайлах гэмт хэрэг үйлддэг гэх Б.Б, А.Т, Э.Э, Б.Д нарын 4 бүлэг 13 этгээдийг дайчлан баривчлан шалгаж 2022 оны 11 дүгээр сараас хойш энэ төрлийн 45 гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна.