ВИДЕО: “Сайжруулсан” гэх нэртэй "Энержи ресурс"-ын угаасан нүүрсний "хаягдал"-ыг Улаанбаатарчууд шатааж, энэ жил 41 хүн угаартаж амиа алджээ

ВИДЕО: “Сайжруулсан” гэх нэртэй "Энержи ресурс"-ын угаасан нүүрсний "хаягдал"-ыг Улаанбаатарчууд шатааж, энэ жил 41 хүн угаартаж амиа алджээ

Улаанбаатарчууд шахмал түлш хэрэглээд дөрвөн жил орчим хугацаа өнгөрч байгаа ч Улаанбаатар утаанаасаа салж чадсангүй. Харин иргэд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Энэ жил галлагааны хугацаа эхэлснээс хойш гэхэд 41 хүн угаартаж, амь насаа алдсан гэх харамсалтай тоо баримт байна. 

Сайжруулсан шахмал түлш хэрэглэхээс өмнө нь буюу 2009-2019 оны хооронд 118 тохиолдолд 158 хүн угаарт хордож, нас барж байжээ. Үүнээс үзэхэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө угаарын хийнд хордож, амь насаа алдах тохиолдол харьцангуй бага байсан аж. Тэгвэл энэ тоо яагаад ийнхүү огцом өсөх болов. Үнэхээр Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэдэг "сайжруулсан шахмал түлш" Улаанбаатарын утааг 50 хувь бууруулж чадсан уу, түлшний чанар сайжирсан уу гэдэг сэдвийг бид энд удаад хөндөж байна. 

ВИДЕО:

“Тавантолгой түлш” компани нь “Энержи ресурс” ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд гэж нэрлэн нийлүүлж буй баяжуулсан коксжсон нүүрсийг барьцалдуулж, сайжруулсан шахмал түлш нэрээр иргэдэд нийлүүлдэг. Тэд анх сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр Улаанбаатар хотын утаа 50-60 хувь буурна гэж мэдэгдэж, ам гарч байв. Гэтэл утаа буурсангүй, харин иргэд эрүүл мэнд амь насаа хохирсоор байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга “Иргэд өөрийнхөө гэрт амь насаа алдах, хордох нөхцөл байдал үүссэн нь эрүүгийн хариуцлага хүлээхүйц гэмт хэрэг” гэдгийг нэгэнтэй тодотгож байсан. Гэтэл өнөөдөр иргэд гэртээ угаартаж, гэр бүлээрээ амь насаа алдаж байхад албаныхан “иргэд өөрсдийн хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдаж байна” гэх хээвнэг хариултыг өгөөд сууж байна. Үүнд анхаарал хандуулж, хариуцлага тооцож байгаа албан тушаалтан алга.

Сүүлийн үед "Тавантолгой түлш" компанийн сайжруулсан шахмал түлшний чанар муудаж, хог ихээр гарах болжээ. Тиймээс гэрийн нөхцөл дахин ангилж, хогийг нь ялгадаг талаар иргэд хэлж байна.

Харин Тавантолгой түлш компанийн зүгээс "шахмал түлшний орц найрлага өөрчлөгдөөгүй учраас чанар нь муудаагүй. Харин стандартад заасны дагуу чийглэгийн хэмжээг багасгаж, сайн хатааж байгаа. Сайжруулсан түлш иргэдийн гарт 5-6 дамжлага дамжиж байж хүрч байгаа учир 25 кг шуудайтай нүүрснээс 1.2 кг нунтаг гарах нь хэвийн үзэгдэл" гэх тайлбарыг хэлж байгаа юм. Мөн иргэд гэртээ угаартаж нас барж байгаагийн шалтгааныг зөвхөн "иргэдийн буруу" мэтээр тайлбарлаж байна. 

Харин энэ бүхний шалтгаан нь магадгүй “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний гол бүтээгдэхүүн болох "Энержи ресурс" ХХК-ийн угаасан нүүрсний хаягдал байхыг үгүйсгэхгүй юм.

Анх “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг шахмал түлшний түүхий эд болгохоор төлөвлөж байсан ч  гэнэт энэхүү төлөвлөгөөг өөрчилж, "Энержи ресурс"-ээс нүүрс авахаар болсон байдаг. Угтаа Эрдэнэс Тавантолгой ХК-ийн эрчим хүчний нүүрс дэх хүхрийн хэмжээ “Энержи ресурс” ХХК-ийн хаягдлаас 1.9 дахин бага хэмжээтэй байсан ч нүүрсээ тус компаниас авсан нь мөн л анхаарал татах сэдэв байсан ч асуудал тэгсхийгээд намжиж байсан. Гэтэл өнөөдөр иргэд магадгүй энэ бүхний горыг амсаж, хорт утаагаар амьсгалж, эрүүл мэнд амь насаараа хохирч байхыг үгүйсгэхгүй юм. Ямартай ч улсаас "Тавантолгой түлш" компанийг байгуулж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлээд ч Улаанбаатарын утаа арилсангүй. Харин үүний үр дүнд улстөрчид хожиж, харин олон зуун жирийн иргэн эрүүл мэнд, амь насаараа хохирч, олон айл гэр бүлээрээ хорвоогийн мөнх бусыг үзэв. Тэгэхээр цаашид сайжруулсан түлш нэрээр "Энержи ресурс"-ын угаасан нүүрсний "хаягдал"-ыг Улаанбаатарчуудад шахаж, үндэсний аюулгүй байдалдаа заналхийлсээр байх уу гэдэг асуулт хариултаа нэхэж байна. 




Өнөөдөр тахиа өдөр

48 минутын өмнө