Өчигдөр /2023.03.07/ хуралдсан Улсын дээд шүүх /УДШ/-ийн хурлаар АН-ын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нараас ирүүлсэн, “намын улсын бүртгэлийн гэрчилгээг ашиглах боломжгүй хаяж үрэгдүүлсэн” гэх үндэслэлээр улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгох боломжгүй гэж үзсэн шийдвэрлэсэн байдаг.
Товчхондоо, Л.Гантөмөр, Ч.Өнөрбаяр нар АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээг шинээр хэвлүүлэх гэсэн хүсэлтийг УДШ хангаагүй бололтой.
Тэгвэл энэ олон жилийн маргаан зөрчлийн хугацаанд АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ болон тамга нь Х.Баттулга, С.Эрдэнэ нарт очиж, тэд дараагийн намын удирдлагад нь эдгээр зүйлийг нь хүлээлгэн өгөхгүй байгаа аж.
Тодруулбал, 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа С.Эрдэнэ АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээний бүрэн эх, тамгыг нь УИХ-ын гишүүн Ц.Туваанд хүлээлгэн өгсөн байна. Ингээд удалгүй С.Эрдэнэ Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж АН-ын тамгыг шинээр хийлгэн авч, Ц.Туваанд өгсөн тус намын тамгыг хүчингүй болгуулсан аж. Ингээд Ц.Туваанд байсан АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээ болон хүчингүй болсон тамга нь О.Цогтгэрэлд очиж дараа нь Х.Баттулгад ирсэн байна.
Тодруулбал, өдгөө АН-ын улсын бүртгэлийн гэрчилгээний бүрэн эх болоод хүчингүй болсон тамга нь Х.Баттулгад байдаг бол тус намын хувилан, шинээр хийлгэсэн тамга болон гэрчилгээний хуулбар нь С.Эрдэнэд байдаг ажээ.
Харин АН-ын даргаар бүртгэгдсэн Л.Гантөмөр тэднээс АН-ын гэрчилгээ болон тамгыг нь гуйхгүйгээр УДШ-д хандаад шинээр авах гэсэн ч шүүх түүний хүсэлтийг хангаагүй аж. Сонирхуулахад, Л.Гантөмөр АН-ын байрыг авах үеэр түүнд И.Мөнхжаргал нэгэн тамгыг хүлээлгэн өгсөн байдаг. Тэгвэл тус тамга нь АН-ын тамга биш тус намын Хэрэг эрхлэх газрын хүчингүй болсон тамга байжээ.