“Сайнаар өөрчлөх нэг санаа” видео, бичлэгийн уралдаан зарлагдлаа

“Сайнаар өөрчлөх нэг санаа” видео, бичлэгийн уралдаан зарлагдлаа

Нийгэмд эерэг хандлага, зөв уриалгыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Хассуурь сан-Хөгжлийн төвөөс хоёр дахь удаагаа Сайнаар өөрчлөх нэг санаа залууст зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаанд эерэг хандлага зөв уриалга түгээх, хүрээлэн буй орчиндоо сайнаар өөрчилж болох саналаа 2-3 минутын бичлэг болгон илгээх уралдаан зарлажээ. Бичлэгээ “Сайнаар өөрчлөх нэг санаа” пэйж хуудас руу мессенжер чатаар илгээж уралдаанд оролцох юм байна.

Ингэхдээ “Сайнаар өөрчлөх нэг санаа”-гаа дараах таван агуулгаас сонгон видео контент бүтээх юм.

Үүнд:

  • Хүрээлэн буй орчиндоо олон нийтэд сайнаар нөлөөлөхүйц санаа
  • Байгал орчинд ээлтэй чухал санаа
  • Хялбар аргаар хэрэгжүүлж болох шинэлэг санаа
  • Хүнлэг сэтгэл, хүндлэлийг харуулсан эерэг уриалга бүхий санаа
  • Монгол өв соёлоо хамгаалах түгээн дэлгэрүүлэх чухал санаа

Дээрх таван төрөл тус бүрд шилдэг бичлэгийг шалгаруулж тус бүр 3.000.000 төгрөгөөр шагнах бол хамгийн их хандалт авсан нэг бичлэгт нислэгийн тийз бэлэглэх юм. /нийт шагналын сан 15 сая+/

“Сайнаар өөрчлөх нэг санаа” видео контентын уралдаанд өрсөлдөх бүтээлийг 2023 оны гуравдугаар сарын 13-27-ны өдөр хүртэл 14 хоногийн турш хүлээн авах тул шинэлэг санаа, эерэг хандлагаар дүүрэн залуусыг идэвхтэй оролцохыг урьж байна.