ВИДЕО: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Арьс ширний үйлдвэр" барина гэж ХБ-наас 6 тэрбумыг зээлсэн ч барилга ашиглагдахгүй болж Ховдод үлджээ

ВИДЕО: УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Арьс ширний үйлдвэр" барина гэж ХБ-наас 6 тэрбумыг зээлсэн ч барилга ашиглагдахгүй болж Ховдод үлджээ

Хөгжлийн банкны гурав дахь шатны өнөөдрийн сонсголд "Арьс ширийг дотооддоо гүн боловсруулах болон түүгээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох төсөл"-ийн асуудлыг хэлэлцэж байна.

Уг зээлтэй холбогдуулан зургаан хүнийг гэрчээр дуудсаны нэг нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаа юм. Тэрбээр 2014 онд тухайн үед Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан А.Гансүхийн зөвлөх байхдаа "Ховд хаан бирж" компаниараа дамжуулан Хөгжлийн банкнаас 6 тэрбум төгрөгийг зээлсэн байгаа юм. Ингээд тус мөнгөөрөө Ховдод үйлдвэр гэж сэндвичэн барилга бариад өнгөрчээ. Уг барилга өнөөдрийг хүртэл ашиглагдахгүй Ховдод байна.

ҮЗЭХ: 

Сонсголын ҮЕЭР Түр хорооны гишүүд, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас асуулт асуув.

Э.Батшугар: Төсөл нь хэрэгжсэн үү. Хэрэгжээгүй бол яагаад хэрэгжээгүй вэ?

-Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Ховд аймагт төслийг хэрэгжүүлэх бодлогын шийдвэр гаргаж, арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, эргэлтийн хөрөнгийн эх үүсвэр бүрдүүлэх зориулалтаар арилжааны банкаар дамжуулж зээл авсан. Төрийн хүлээх үүрэг хэрэгжээгүй учраас энэ төсөл одоог хүртэл хэрэгжсэнгүй. 2016 оны улсын төсөвт хоёр тэрбум төгрөг тавьсан ч 2017 оны төсөв дээр царцаасан. 2018 онд дахиад таван тэрбум төгрөг тавьсан. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж энэ асуудал цааш яваагүй. Энэ асуудалд улс төрийн болон хувийн шалтгаанаар хандаж байсан нэг л хүн байдаг. Нийт найман тэрбум төгрөгийн зээлийн эргэлт төлөлтийг 2019 онд хийж дуусгасан. Үүнээс хүүгийн алдангид хоёр тэрбум төгрөг, үндсэн зээлд 2.3 тэрбум төгрөг, барьцаа хөрөнгийн хангалтаар 3.9 тэрбум төгрөгийг тус тус төлсөн юм.

Б.Энхбаяр: 2014 онд зээл авч байхдаа иргэн байсан гэх тайлбарыг өгсөн. Тухайн үед та Зам, тээврийн хөгжлийн сайд А.Гансүхийн зөвлөхөөр ажиллаж байсан гэх намтар байна. Үүнд хариулт байна уу?

-Орон тооны бус зөвлөх ямар байдгийг Б.Энхбаяр гишүүн та мэднэ. Төрийн ордон эсвэл яам руу ордог үнэмлэх. Одоо бид нар гэхэд 20, 30 орон тооны бус зөвлөхтэй. Цалин хөлс авдаггүй хүнийг улс төрийн албан тушаалтан, зөвлөх гэсэн байдлаар хандаж болохгүй гэж бодож байна.

Б.Энхбаяр: "Ховд хаан бирж" компани 2014 оны хоёрдугаар сард байгуулагдаад зургаан сарын дараа зургаан тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээл авахаас өмнө ямар үйл ажиллагаа эрхэлдэг байсан бэ?

-Бодлогын зээл байсан учраас төсөл болон ТЭЗҮ-ийг боловсруулж, барьцаа хөрөнгөө тавиад зээлээ авсан.

Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд зааснаар 3.7 тэрбум төгрөг нь баримтаар нотлогдоогүй байна. Арьс шир, ноос ноолуур боловсруулах үйлдвэрийн барилга гэх сэндвичийн зураг харагдана. Энэ үйлдвэр үү, орон сууц уу?

-Энэ зургийг чинь би ч ойлгохгүй байна. Цэвэрлэх байгууламжийн хажууд 4,650 м.кв үйлдвэрийн барилга баригдчихсан байгаа.

Т.Доржханд: Сүүлийн 10 жилийн хугацаанд арьс шир, ноос ноолуурын үнэ өссөнгүй. Миний хувьд төслийг хангалтгүй гэж үзэж байна. Дэмжээд байхад энэ салбар яагаад босож ирэхгүй байна вэ?

-Би энэ салбарын хүн биш л дээ. Сайн сайхан зүйл хийе гэж ороод баларсан хүн.