Хууль батлагдвал "ЭТТ"-н Ж.Ганбат эсвэл түүний ах Хэнтийн Тамгын дарга Ж.Ганбаатар, дүү НБГ-ын дарга асан Ж.Гантулга нар төрийн албанд ажиллах боломжгүй болно

Хууль батлагдвал "ЭТТ"-н Ж.Ганбат эсвэл түүний ах Хэнтийн Тамгын дарга Ж.Ганбаатар, дүү НБГ-ын дарга асан Ж.Гантулга нар төрийн албанд ажиллах боломжгүй болно

"Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 18 /2023.01.18/-нд УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөлд “Төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий иргэн төрийн гүйцэтгэх удирдлагад ажиллахыг хориглоно” гэж заасан байдаг.

Товчхондоо, тус хууль батлагдвал “улс төрч эрхмүүдийн хүү, охин, хүргэн, бэр, хамтран амьдрагч болоод бусад нэгдмэл сонирхолтой этгээдүүд нь төрд өндөр албан тушаал хаших боломжгүй" болох юм.

Манай улсад гэр бүлээрээ, үе удмаараа төрийн өндөр албан тушаал хашдаг олон эрхэм байдаг. Тэдний нэг нь саяхан "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/-өөр томилогдсон Ж.Ганбат дарга юм.

Сонирхуулахад, түүний ах Ж.Ганбаатар нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажилладаг бол дүү Ж.Гантулга нь нийслэлийн Боловсролын газрын даргаар ажиллаж байгаад саяхан чөлөөлөгдсөн байна.

Тодруулбал, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн БЭТ Ж.Ганбатын ах Ж.Ганбаатар нь Хэнтий аймаг Бэрх хотод төрсөн. Хэнтий аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байсан. 2016 оноос Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байгаа нэгэн аж. Харин дүү Ж.Гантулга нь мөн л Хэнтий аймагт төрсөн бөгөөд Нийслэлийн Боловсролын газрын даргаар ажиллаж байгаад саяхан ажлаа өгсөн байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, АТГ-ын дарга, ЦЕГ-ын дарга гээд төрийн өндөр албан тушаалтнууд нь Хэнтийнх болоод байгаа. Энэ ч утгаараа Ж.Ганбат нь нүүрсний хэргийн дуулианаар Монгол Улсын валютын нөөцийн ихэнх хэсгийг бүрдүүлдэг "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн БЭТ-өөр томилогдсон гэгддэг юм. Ямартай ч Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч, Ч.Хүрэлбаатарын хүн гэгддэг Ж.Ганбат эс бөгөөд түүний ах Ж.Ганбаатар, дүү Ж.Гантулга нар нь төрийн албанд ажиллах боломжгүй болох нь.