Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдын тоог хязгаарлах ажлыг Засгийн газар үе шаттай зохион байгуулна

Д.Амарбаясгалан: Төрийн албан хаагчдын тоог хязгаарлах ажлыг Засгийн газар үе шаттай зохион байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Төрийн албаны хэт данхайсан байдал, төсвийн урсгал зардлыг үрэлгэн байгаа зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг. Тиймээс ч олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагуудын баримталдаг зарчмыг улсын хэмжээнд бодитой авч хэрэгжүүлэх ёстой. Нэг ёсондоо нийт ажиллах хүчинд оногдох төрийн албан хаагчдын тоо хэмжээг хязгаарлаж, тогтоон барих чиглэлд Засгийн газар бодитой алхам хийнэ.

Монгол Улсын нийт ажиллах хүчний 18 орчим хувийг төрийн албан хаагчид бүрдүүлж байна. Олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд болон хөгжсөн улс орнуудын жишгийг авч үзвэл нийт ажиллах хүчнийхээ 15 хувьд төрийн албан хаагчид нь оногдож байвал илүү зохимжтой хэмээн үздэг. Гэтэл манай улсын төрийн албан хаагчид гурван хувиар хэтэрсэн байна. Өнөөдрийн байдлаар 300 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс ирэх жилүүдэд дээр дурдсан 15 хувийн хязгаарлалтыг тогтоож, энэ хүрээнд ажиллах хүчийг барих ажлыг үе шаттайгаар хийх болно" гэлээ.