Завханы Засаг даргад МАН бодлогоор н.Дүүрэнбаярыг зүтгүүлэх бол Г.Төмөрбаатар зэрэг сайн дурынхан мөн нэрээ дэвшүүлж өрсөлдөнө

Завханы Засаг даргад МАН бодлогоор н.Дүүрэнбаярыг зүтгүүлэх бол Г.Төмөрбаатар зэрэг сайн дурынхан мөн нэрээ дэвшүүлж өрсөлдөнө

Завхан аймгийн МАН-ын хороо энэ сарын 24-ны өдөр /2023.03.24/ хуралдаж даргаа сонгоно. Тэр дарга Завханыг удирдана.

-ЭНЭ САРЫН 24-НЫ ӨДӨР АЙМГИЙН НАМЫН ХОРОО ХУРАЛДАЖ ДАРГАА СОНГОНО-

Тус хуралд намын төв аппарат бодлогоор оролцох бөгөөд энэ нь урдах ажлаа хийж чадахгүй байж улстөржиж гүйдэг ИТХ-ын төлөөлөгчдийнхөө хандыг дарах зорилготой юм. Учир нь Завхан аймаг нь өнгөрсөн гурван жил засаглалын хямралд орж, дөрвөн ч удаа Засаг даргаа огцруулах хурлыг хийсэн байна.Гэтэл энэ хэрээр аймгийн хөгжил хаягдаж, өрсөлдөх чадварын индексээрээ сүүл мушгин 21 аймгаас 20 дугаар байрт жагсдаг болсон. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар төв намаас буюу Д.Амарбаясгалан бодлогоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, эсвэл ЗГХЭГ-т ажилладаг н.Дүүрэнбаяр нарын нэгийг Завханы МАН-ын даргад нэр дэвшүүлэх аж. 

Харин Г.Өнөрбаяр нь Завханы Засаг даргад очих "бодолгүй" байгаа гэх. Тэгэхээр эцсийн мөчид н.Дүүрэнбаяр нь аймгийн намын даргаар сонгогдож магадгүй байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Баярсайхан нь НИТХ-ын төлөөлөгч асан Г.Төмөрбаатарыг дэмжиж зарим хэлэлцээг намын удирдлагуудтайгаа хийсэн байна. Харин Д.Амарбаясгалан нь Г.Төмөрбаатарыг дэмжихгүй байгаа гэх. Г.Төмөрбаатарын хувьд  Завханы ИТХ-ын даргыг солиход "хөшигний ар"-аас оролцсон, одоо ч Засаг дарга болохоор хөөцөлдөж яваа нэгэн юм. Түүний хувьд энэ сарын 24-ны хуралд ямартай ч нэрээ дэвшүүлнэ гэж төлөвлөсөн гэх мэдээлэл байна. 

Гэхдээ төв намын чиглэлээр л эцэст нь шийддэг нь МАН-ын уламжлал юм. Ямартай ч Завханы улстөр бужигнаж, орон нутгийнхан нь ихэд анхааралтай ажиглаж буй бололтой.  Хамгийн сүүлд буюу энэ сарын 02-ны өдрийн 11.00 цагт /2023.03.02/ аймгийн ИТХ-ын ээлжит бус хурлыг цахимаар болон танхимаар хуралдуулж Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулах асуудлыг хэлэлцсэн бөгөөд саналын хувь хүрээгүй гэх шалтгаанаар авч үлдсэн байна. Энэ нь тэдний 2020 оноос хойш "Дээрх агуулгаар зарласан дөрөв дэх хурал".

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Завханы одоогийн Засаг дарга Д.Түвшинжаргалын мөрийтэй тоглоом тоглож буй бичлэг МАН-д ирсэн бөгөөд намдаа биш АН-тай нийлж ажиллан, АН-ын бодлогыг хэрэгжүүлж буй учир зайлшгүй огцруулах нь зүйтэй гэдэгт МАН-ын удирдлагууд санал нэгджээ. 

Ерөөс 2020 оноос хойш Завханы удирдах аппаратанд болсон үйл явдлыг дүгнэвэл "хошин шог". Эдгээрээс 2022 оны нэгдүгээр сард болсон Д.Түвшинжаргалыг огцруулах хоёрдугаар хурлын үйл явцыг жишээ болгон дурдвал, аймгийн ИТХ-ын МАН-ын 21, АН-ын 19, бие даагч нэг нийт 41 төлөөлөгчийн 21 гишүүн нь түүнийг Засаг даргаас огцруулахыг "Дэмжсэн" бол 20 нь "Дэмжээгүй" гэх дүн гарсан байдаг. Харин тус саналын дүнг  н.Пүрэвдорж, н.Отгонням, н.Дашдондов гэх гишүүд нэгтгэж МАН, АН-ын бүлгийн дарга нар нь хянасан бөгөөд Засаг дарга Д.Түвшинжаргалыг огцруулахыг дэмжсэн 21 төлөөлөгчийн нэг нь “дэмжсэн” гэх бичгийн өмнөх тоог дугуйлахдаа зүрхээр тэмдэглэсэн нь маргаан үүсгэж, эцэст нь дахин санал хураалт явуулсан. Санал хураалтаар АН-ын бүлгийн хоёр гишүүн өмнөх саналаасаа буцаж, "Засаг даргыг огцруулахгүй" гэх санал өгснөөр Д.Түвшинжаргал албан тушаалдаа үлдэж байсан юм. 

-ӨРСӨЛДӨХ ЧАДВАРААРАА СҮҮЛ МУШГИДАГ ЗАВХАН ӨНДИЙЖ ЧАДАХ УУ-

Үүний дараа ИТХ-ын гишүүд нь Улаанбаатар хотод ирж Засаг даргаа огцруулах асуудлаар удаа дараа хэвлэлийн бага хурал хийж, дахин нэг хуралдсан ч мөн л огцруулж чадаагүй. Хамгийн сүүлд тус аймаг ИТХ-ын даргаа огцруулсан. Тэгвэл энэ бүх будилааны ард Завхан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нарыг байдаг гэх мэдээлэл байна.

Тэд Засаг даргын асуудлаар зөрчилтэй байр, суурьтай бөгөөд Б.Баярсайханы хувьд Д.Түвшинжаргалыг "ажил хийдэггүй" хэмээн голдог гэх. 

Харин Д.Түвшинжаргал нь УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагтай дунд сургуулийн нэг ангийн найзууд, өнгөрсөн сонгуульд хамтран зүтгэсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Цэрэнпунцаг нь Д.Түвшинжаргалыг дэмжиж Засаг дарга болгосон байдаг. Гэтэл дээрх хоёр гишүүний зөрчил аймгийн удирдах байгууллагыг тогтворгүй болгож гурван жилд дөрвөн удаа бужигнуулсан нь энэ.  Нөгөөтэйгүүр, Засаг дарга Д.Түвшинжаргал нь орон нутагтаа ажил хийдэггүй, шинийг санаачилдаггүй гэх шүүмжлэлтэй байдаг.