Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.
Өнөөдрийн сонсголоор арилжааны банкнуудаар дамжуулан олгосон гурван багц зээлийн асуудлыг авч хэлэлцэх юм. Үүнд:
- Экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төсөл (2 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй)-ийн талаар хэлэлцэх бол үдээс хойш Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд бүсийн тулгуур төв, аймаг, орон нутагт Жижиг, дунд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажлын байрыг бий болгоход 50.0 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох;
- Үйлдвэрлэлийг дэмжих зорилтын хүрээнд Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох 70.0 тэрбум төгрөг хүртэл төгрөгийн санхүүжилт олгох;
Зэрэг асуудлыг авч хэлэлцэх бөгөөд өнөөдрийн сонсголд оролцуулахаар 78 гэрчийг дууджээ.