Нүүрсний хулгайн хэргээр яллагдагчаар татагдаад буй Т.Аюурсайханыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас нь өчигдрийн /2023.03.15/ Засгийн газрын хуралдаанаар чөлөөлсөн. Одоо УИХ-д танилцуулсны дараа албажуулж Ерөнхий сайд захирамж гаргах юм. Түүнээс гадна Ж.Мөнхбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ.
Харин Т.Аюурсайхан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтийг өгөөгүй аж. Тэрбээр зөвхөн Засгийн газрын гишүүний эрхээсээ татгалзах хүсэлтийг гаргажээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хаврын чуулганыг нээсний дараа энэ хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг шууд хэлэлцэнэ. Цаашид хоёроор тогтохгүй байх. Олон гишүүдийг би буруугүй л юм бол шалгуул, бүрэн эрхээр битгий халхавчил гэж хэлж байгаа. Халдашгүй бүрэн эрх бол гэмт хэргээс нуугдах биш ард түмний төлөөллийг хамгаалж буй зүйл. Парламентын гишүүн ёс зүйн өндөрлөг байх ёстой" гэсэн билээ.