Ё.Баатарбилэг: УИХ-ын дарга, удирдлагууд хуулийн төслийг дэг журмынх нь дагуу явуулмаар байна

Ё.Баатарбилэг: УИХ-ын дарга, удирдлагууд хуулийн төслийг дэг журмынх нь дагуу явуулмаар байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.17/ хуралдаанаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж 89.1 хувийн саналаар хүлээн авлаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Баатарбилэг "Хуулийн төслийг анх боловсруулахдаа олон нийтийн санал бодлыг хэрхэн тусгасан юм. Мөн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөллийг судалсан уу. Уг нь энд л зөвлөлдөх санал асуулга хэрэгтэй юм. Гэтэл мэргэжлийн байгууллагууд, төрийн бус байгууллагаас ч санал аваагүй байна лээ. Төрийн албан хаагчид амьгүй албад шиг ажилламааргүй байна. Хуулийн төслийн талаарх санал, сэтгэгдлээ хэлж мэргэжлийн дүгнэлтийг хэлж байгаа ёстой. Тэгэхгүй бол "Тэг гэхээр нь тэгээд л. Ингэ гэхээр нь ингээд л" хүний үг дагаж ажилламааргүй байна. Эцэст нь УИХ-ын дарга, удирдлагууд хуулийн төслийг дэг журмынх нь дагуу явуулмаар байна. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хуулийг 48 цагийн дотор л баталсан. Ерөнхийлөгч зөв хориг тавьж, цагаа олсон" гэлээ. 

Мөн бусад УИХ-ын гишүүд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан парламенттай орны хувьд иргэдийнхээ эрхийг хамгаалж уг хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Цаашид хууль санаачлагчид хуулийн төсөл боловсруулахдаа судалгаанд үндэслэдэг, боловсруулалтыг сайтар хангаж оруулж ирдэг байх, улмаар УИХ хэлэлцүүлгийг хийхдээ дэгээ барьж ажиллах нь зүй юм. Энэхүү хууль нь парламентын түвшинд ихээхэн том сургамж боллоо. Тус хуулийг дахин оруулж ирэх хэрэгтэй гэсэн бол АН-ын гишүүдийн зүгээс дахин оруулж ирэх шаардлагагүй. Олон нийтийн сүлжээ бол манай улсын дархлаа гэв. Түүнчлэн Ерөнхийлөгч энэхүү хуулийн агуулгад хориг тавьсан юм биш, дэг зөрчиж хууль баталсанд асуудал оршиж байна гэх гишүүн ч гарав.