Б.Жаргалсайхан: Ажил хийх боломж надад өгөөгүй учраас би зээлээ төлмөөргүй байна

Б.Жаргалсайхан: Ажил хийх боломж надад өгөөгүй учраас би зээлээ төлмөөргүй байна

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна.

Сонсголоор ХАА, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү хүлэмж, оёдлын салбарт Голомт банкаар хэрэгжсэн төсөл хөтөлбөр, түүнд олгосон зээлийг хэлэлцлээ. Энэ үеэр хуралдаан даргалагч, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Буян" ХХК муу зээлдэгч хэмээн шаардлага хангаагүй байхад ч зээл авчээ. 2013-2022 он хүртэл 9 жил зээлийн эргэн төлөлтөө ч хийгээгүй байна. Ихэнх зээл чинь хүүгүй байжээ. Та төрийн хайр хишгийг сайн хүртжээ, Жаргалсайхан гуай. Та энэ үед УИХ-ын гишүүн байжээ. Муу зээлдэгч гэсэн хэр нь Хөгжлийн банкнаас Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авчээ. Шүүх хуралдаан болдоггүй юм уу, банк нь араас явдаггүй юм уу, Жаргалсайхан гуай та зээлээ төлөхгүй юм уу гэдгийг тодрууллаа.

Түүний асуултад "Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан "Би өнөөдрийн хэлэлцүүлэгт зориуд ирлээ. Хэлэлцэхээс илүүтэй таниас асуулт асуумаар байна. Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө юу хийж байсан бэ. Би асуултад хариулахын тулд хэнтэй ярьж байгаагаа мэдмээр байна. Би шүүх хуралд ирээгүй. Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Өнөөдөр нэг л банкны асуудал яриад байна. Угтаа бол бүгд хэцүү байгаа шүү. Та надаас зээлээ яагаад төлөхгүй байна вэ гэж асууж байна. Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гээч.. ажил хийх боломж надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд аваад явчхаж байна.  Малчдаас ченж ноолуурыг нь үнэтэй аваад татвар төлөхгүй хятадуудад өгч байна. Харин бид үйлдвэрлэл эрхлэхийн тулд татвараа төлж байна. Ялгаа нь энэ. Үүнээс болоод энэ ажил явахгүй байна.  Сүүлийн үеийн технологи нутагшуулж хөгжүүлээд уйгагүй ажиллавал зөвхөн ноолуурын салбараар Монгол Улс 2-3 миллиард ам.доллар олж болох боломжтой.Банкны зээл, татварын өр зээл гээд бараг 100 хувийн алдагдалтай  ажиллаж байна. Би ганц алдаа хийсэн. Тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийг Засгийн газартай хийх байсан юм. Хэрэв зах зээлийг нь тогтвортой байлгаж өгөхгүй бол "Буян" ХХК-ийн өмнөөс өрийг нь төлөх заалттай гэрээ байх ёстой байсан" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "2012 онд Их хурлын гишүүн байхдаа 11 тэрбум төгрөг хүүгүй авсан байна. Битгий энд томроод бай. Та бидний мөнгийг авч бизнес хийнэ гэж ямар юм байдаг юм. Энэ хүнийг гаргах хэрэгтэй. Бусад иргэдийнхээ мөнгийг хулгайлж авчихаад төлөхгүй удаад, улаан нүүрээ улалзуулаад, ичихгүй энд ирж суугаад байхдаа яадаг юм" гэсэн бол Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан гуай та дуугүй байж бай. Та хүнийг новш гээд байх нэр нүүр байхгүй шүү. Та улсаас авсан 14 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй байж, шударга ёс ярих нэр, нүүр, намтар алга" гэсэн юм. 

Голомт банкны төлөөлөл "Энэ харилцагч манай банкнаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Бид шүүхийн бүх шатыг дамжаад шийдвэр гүйцэтгэлийн шатанд харилцагчтай харьцаад явж байгаа. Голомт банк төслийн санхүүжилтийн гэрээний хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу Хөгжлийн банкинд харилцагчийн өмнөөс цаг тухайд нь зээлийг төлсөн. Харин манай банкин дээр төлөгдөөгүй. Бид маргаантай явж байгаа" гэсэн юм. 




Өнөөдөр бар өдөр

8 цагийн өмнө