ТББХ: Засгийн газраас Н.Монсар, Ж.Золзаяа нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлжээ

ТББХ: Засгийн газраас Н.Монсар, Ж.Золзаяа нарыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлжээ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.03.21/ хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг зарлаж, сонсгол даргалагчийг сонгох асуудлыг хэлэлцэв. 

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний орон, гарсан хоёр орон тоонд Засгийн газраас Нямдаваагийн Монсар, Жаргалсайханы Золзаяа нарыг нэр дэвшүүлэн, УИХ-аар хэлэлцүүлэх хүсэлтийг байнгын хороонд ирүүлжээ. Тус хурлаар сонсголын товыг ирэх дөрөвдүгээр сарын 24-ны өдөр товлосон бол сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг томиллоо. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Намрын чуулганаар Ё.Баатарбилэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг гаргасан. Ажлын хэсгээс удаа дараа Үндэсний зөвлөлд үүрэг даалгавар өгсөн. Гэтэл энэ үүрэг даалгаврын аль нь ч биелэгдээгүй байна. Ямар ч хариуцлага хүлээдэггүй. Ер нь цаашид олон нийтийн статустай байж чадах нь уу. Төрийн байгуулалтын байнгын хороо Үндэсний зөвлөлийн ажлын тайланг сонсоод, үүрэг даалгаврын биелэлтийг сонсох шаардлагатай. Бид нар Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилоод л байдаг. Үр дүнгүй" гэсэн юм. 

Харин хурал даргалагч Н.Энхболд "Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, албан тоот явуулаад сонсголоос өмнө гүйцэтгэлийн тайланг нь авъя. Үндэсний зөвлөл хангалтгүй ажиллавал одоогийн хууль, тогтоомжийг эргэж харах шаардлага гарна" гэв. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувийн саналаар дэмжив.