Ч.Хүрэлбаатар: Хамгийн сайн, муу ажилласан таван яамыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралд танилцуулна /ВИДЕО/

Ч.Хүрэлбаатар: Хамгийн сайн, муу ажилласан таван яамыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралд танилцуулна /ВИДЕО/

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2022 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг сонсож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхбаяр “Байнгын хорооны хуралдааны үед ЗГ-ын төлөвлөгөөний хэрэгжилт муу гарсан таван яамнд юм уу сайдад хариуцлага тооцох асуудал гарсан гэх мэдээлэл байна. Төлөвлөгөөний хэрэгжилтээр хамгийн сайн үнэлгээ авсан таван яам, хамгийн муу үнэлгээ авсан таван яамыг хэлж өгөөч. Мөн муу үнэлгээ авсан таван сайдад хэрвээ хариуцлага тооцохоор ярьсан бол энэ ерөнхий сайдын бодлого юм уу. Шадар сайдын бодлого уу” гэв.

Шадар сайд болон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  “Монгол Улсын хөгжлийг төлөвлөж, дараа нь төсөвт суулгаж хэрэгжүүлдэг зарчмын өөрчлөлтийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Төлөвлөгөө нь дээр олон зүйл оруулбал сайн гэдэг. Гэтэл төлөвлөгөө нь суусан ажлуудыг нь санхүүжүүлэх эх үүсвэр төсөв болон гадаадын зээл тусламжийн эх сурвалж дээр суудаггүй. Тэгэхээр нэг их олон ажил суулгачхаад хэрэгжүүлэх гэхээр санхүүгийн боломж нь байдаггүй. Эргээд тооцож үзэхэд өссөн дүн гээрээ ЗГ-ын мөрийн хөтөлбөр 39 хувьтай, жилийн төлөвлөгөө нь 60 гаруй хувьтай байна. Жагсаалт нь мөрөөдлийн шахуу бичигдсэн. Тэгэхээр төлөвлөхдөө ч хариуцлагатай байя. Дараа нь төлөвлөгөө батлагдаад, төсөв батлагдсан хойно хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байх ёстой. Тухайлбал, Тавантолгойн тендерийг хоёр удаа зарлаад үр дүн өгөөгүй. Үнэхээр хийнэ гэж хүссэн бол хийнэ шүү дээ. Үнэхээр хүсэхгүй байгаа байхгүй юу. Жил болгон яамдуудыг байр эзлүүлдэг.  Яамдуудыг байр эзлүүлэхдээ жилийн төлөвлөгөө холбогдох ажлуудыг хийсний дараа хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна уу, үр дүн гарсан эсэхээр нь  жагсаад, ингэж дүгнээд хамгийн сайн, муу ажилласан таван яамыг ирэх долоо хоногт Засгийн газрын хуралд танилцуулна " гэлээ. 

ВИДЕО: