Б.Цэнгэл: Төрийн хэмнэлтийн хуулиар хураасан машинуудыг хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад шилжүүлж байгаа

Б.Цэнгэл: Төрийн хэмнэлтийн хуулиар хураасан машинуудыг хөдөө орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад шилжүүлж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.23/ хуралдааны эхэнд  УИХ-ын дарга Д.Занданшатар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэлийг шүүмжилсэн. Тэрбээр " Болдын Цэнгэл гуай та тэр машинууд яасан. Хэмнэлтийн хуулиар хураагдсан машинуудыг яаж хуваарилсан  тайлангаа хамт оруулж ир. Хэмнэлтийн хуулиар машинуудыг тусгай албадад хуваарил гэж өгсөн болохоос дураараа зарцуул гэж өгөөгүй. Төрийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилттэй чинь хамт шалгаж үзнэ" хэмээсэн юм.

Тэгвэл энэ талаар ТӨБЗГ-ын дарга Б.Цэнгэл  тайлбар хэлэхдээ “Төрийн хэмнэлтийн хууль батлагдсан. Тус хуульд тодорхой заасан хэмнэлтийн хуулиар хурааж, төвлөрүүлсэн машинуудыг эхний ээлжид 6.5 дээр байгаа байгууллагууд  хуваарилж байгаа. Дараа нь үлдэж байгаа тээврийн хэрэгслийг  хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутгуудад хуваарилах чиглэлийг ЗГ барьж ажиллаж байгаа. Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх асуудал УИХ-ын бүрэн эрхийн асуудал байдаг. Тиймээс өнөөдрийн чуулганд хэмнэлтийн хуульд хамаарагдаж байгаа машинуудыг  УИХ-аар оруулж оруулсан ч хурлын дарга хойшлуулж өмчийн хуультайгаа уяж оруулж ирэхээр боллоо.

Мөн ЗГ дээр Эрүүл мэндийн сайд хөдөө орон нутагт эмнэлгийн байгууллагууд машины хүрэлцээ муу байна гэсэн. Тиймээс хуваарилахаар бэлдэж байсан машинуудаас тодорхой хэмжээний тээврийн хэрэгслийг эрүүл мэндийн салбар луу шилжүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн.

ЗГ-аас тогтоол гаргаж, УИХ-ын бүрэн эрхэд хамаарах буюу үлдэх өртөгтэй тээврийн хэрэгслүүдийг УИХ руу оруулъя. МХБ-аас үлдсэн тээврийн хэрэгслийн 60 хувийг эрүүл мэндийн салбар луу олгох шийдвэр гарсан. Ингээд үлдэх элэгдсэн тээврийн хэрэгслийг төрийн өмчийн бодлого зохицуулалтыг газар нь мэдээд яв. Өвөлжилт хүнд байгаа зарим аймгуудад хэрэгцээтэй байгаа үед  нь машин өгөх нь зүйтэй гэж үзээд 40 гаруй машиныг хэдийнээ хүлээлгэж өгсөн байгаа” гэлээ.