УИХ-ын сонгууль, Улс төрийн намын хуулийг батлахын тулд Н.Энхболдыг байнгын хорооны даргаар томилжээ

УИХ-ын сонгууль, Улс төрийн намын хуулийг батлахын тулд Н.Энхболдыг байнгын хорооны даргаар томилжээ

Өнөөдөр /2023.03.24/ хуралдаж буй УИХ-ын нэгдсэн чуулганаар Н.Энхболдыг “Төрийн байгуулалтын байнгын хороо”-ны даргаар томиллоо. Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилно гэж УИХ дахь МАН-ын бүлэг дотор яригдаж байсан ч, ийнхүү байнгын хорооны даргаар томиллоо.

Тэгвэл Н.Энхболдоор Төрийн байгуулалтын байнгын хороог удирдуулж "УИХ-ын сонгуулийн тухай хууль" болон "Улс төрийн намын тухай хууль"-ийг батлахаар эрх баригчид төлөвлөөд байгаа аж. 

Тодруулбал, МАН-ын захиалгаар АН-ын бүлэг “УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог систем”-ээр хийх төслийг боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлж эхлээд байгаа юм. Тус хуулийн төсөлд УИХ-ын 38 гишүүнийг тойргоос буюу мажоритар системээр, 38 гишүүнийг жагсаалтаар буюу пропорциональ системээр сонгох хувилбарыг боловсруулаад байгаа.  Харин нөгөө талд Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Тус хуулийн төсөлд улс төрийн намуудын санхүүжилтийг шилэн болгох, мөн сонгуулийн зардлыг нь улс төсвөөс санхүүжүүлдэг болох зэрэг хувилбар яригдаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус хуулийг УИХ-д өргөн барина гэх мэдээлэл байна. 

Товчхондоо, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг АН-ын бүлэг, Улс төрийн намын хуулийг Ерөнхийлөгч өргөн барих бол, хэлэлцэж батлах ажлыг Н.Энхболд хариуцахаар болжээ.