АН-ЫН БҮЛЭГ: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэнд гайхаж, харамсаж байна

АН-ЫН БҮЛЭГ: УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэнд гайхаж, харамсаж байна

Хуваарийн дагуу өнөөдөр /2023.03.37/ УИХ дахь намын бүлгүүд хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Сонгуулийн тухай хуулиын төсөл дээр ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдлээ. Хоёрдугаарт, УИХ-аар зарим гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай асуудал орж ирж байна. Энэ асуудалтай холбоотой бүлгийн гишүүд санал солилцож, байр сууриа нэгтгэлэ" гэв. 

ҮЗЭХ: 

Тэрбээр үргэлжлүүлэн "Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлт нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар хэрэгжих боломжтой болох зүйл заалтууд бий. Тиймээс энэ асуудалд нэлээд нухацтай хандахаар бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ц.Туваан нар оролцсон ажлын хэсгийг намын дотоод зохион байгуулалт, намын Үндэсний бодлогын хорооны гишүүд болоод, Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуулийн жаргал зовлонг мэдэх хүмүүсийн саналыг нэгтгэхээр байгууллаа.

Засгийн газрын бүрэн эрх дуусахад нэг жилийн хугацаа үлдсэн байхад мөрийн хөтөлбөр нь 30 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Зөвхөн 2022 оныг аваад үзэхээр 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүний цаана хичнээн олон ажил эзэнгүйдэж, төлөвлөсөн ажил гүйцээгүй дүр зураг харагдаж байна. Үүнд тал талдаа дүгнэлт хийж, хариуцлага тооцох асуудлыг сөхөж тавихаас өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна. Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудал орж ирсэн. Манай бүлгийн гишүүний нэр ч тус нэрс дотор байгаа учраас бид нухацтай ярилцлаа. Хамгийн гол нь Монгол Улсад шударга ёс тогтоох, хууль хэрэгжүүлэх нь Монголын төр засаг, олон нийтийн дэмжлэгтэй явах учиртай. УИХ-ын гишүүнээс түтгэлзүүлэх гишүүдийн нэрс дотор Д.Бат-Эрдэнэ гишүүний нэр орж ирсэн. Бүлгийн гишүүдийн дийлэнхийнх нь байр суурь бол жижиг "Тавантолгой" буюу 51 хувь нь орон нутгийн өмчид байдаг, 49 хувь нь олон нийтийн өмчид байдаг, хөрөнгийн бирж дээр 3000 гаруй хувьцаа эзэмшигчтэй компанийн нэгээхэн хэсгийн хувьцааг эзэмшдэг гэдэг шалтгаанаар түүний нэрийг оруулж ирсэн.

Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд 1990 оноос хойш бизнес эрхэлж байсан хүн. Тиймээс хөрөнгийн бирж дээр нээлттэй байгаа компанийн хувьцааг эзэмшдэг хүний нэрийг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхээр оруулж ирсэн асуудлыг гайхаж, харамсаж байна. Шударга ёс тогтоох нэрийн дор олон асуудлыг хавчуулж сөрөг хүчнээ бусармаг үйл ажиллагаатайгаа холбох, хэлмэгдүүлэх гэж байгаа үйл ажиллагаа байгаа юм биш биз гэж хардаж байна" гэв.