Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилсон БЭТ-ийн бүрэн эрхийн хугацааг сунгах эсэхийг судалж байна

Д.Амарбаясгалан: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д томилсон БЭТ-ийн бүрэн эрхийн хугацааг сунгах эсэхийг судалж байна

Өнгөрсөн аравдугаар сарын 26-ны өдрийн /2022.10.26/  Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон. Ж.Ганбатын бүрэн эрхийн хугацаа дөрөвдүгээр сарын 26-ны өдөр /2023.04.26/дуусах бөгөөд хугацааг нь сунгах эсэх асуудал Засгийн газрын түвшинд яригдаж эхэлжээ.  Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 

Тэрбээр "Одоогоор энэ асуудлыг судалж байна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн засаглалыг сайжруулах алхам нь бодитой хэмжээнд ард түмний шаардаж буй хэлбэрээр хийгдэх боломж байна уу гэдгийг судалж байна. Засгийн газрын хуралдаанаар тус компанийн дүрмийн сайжруулалтыг баталлаа. Нэг ёсондоо "Эрдэнэс Тавантолгой" компани нь группийн зарчмаар ажилладаг, олон улсын ижил түвшний дүрэмтэй болж өөрчлөгдсөн. Өмнө нь яамдын төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нар ТУЗ-ийн эрхийг хэрэгжүүлдэг байсан. Одоо мэргэшсэн, туршлагажсан хүмүүсээр ТУЗ-ийг бүрдүүлнэ. Мөн "Эрдэнэс Монгол" компанийн бүрэлдэхүүнд байгаа хязгаарлагдмал, хариуцлагатай компаниуд нь төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнгүй болж гүйцэтгэх захирал л удирддаг болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүний 51 хувийг төрөөс, 49 хувийг хараат бус гишүүдээр бүрдүүлдэг болох өөрчлөлтийг хийж байна" гэлээ.