ХӨШИГНИЙ АРД: Гурван гишүүн “бүрэн эрхтэйгээ үлдээд шалгуулчихье” гэж хүссэн ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шахалт үзүүлж бүлгээ “базав”

ХӨШИГНИЙ АРД: Гурван гишүүн “бүрэн эрхтэйгээ үлдээд шалгуулчихье” гэж хүссэн ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шахалт үзүүлж бүлгээ “базав”

Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайханыг “хөтлөлцүүлж” явуулснаар УИХ 74 гишүүнтэй болов. Угтаа прокуророос гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д хүргүүлсэн ч эцэст нь Н.Наранбаатар гишүүнийг авч үлдээд дээрх хоёрыг явуулсан нь энэ. Тэгвэл өчигдрийн /2023.03.30/ шийдвэрлэх хурлын процесс чухам ямар байв, хэн юу хэлэв гэдгийг isee.mn хүргэж байна.

-АН-ЫНХАН Д.БАТ-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙГ ӨМГӨӨЛЖ ШИРҮҮХЭН ҮГ ХЭЛСЭН БОЛ МАН-ЫНХАН ЧИМЭЭГҮЙ БАЙЖЭЭ-

Хурлын процесс Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороодын хурлын адилаар явагдсан бөгөөд чуулганы хуралд нийт 65 гишүүн оролцсон. Хурлын эхэнд Ардчилсан намынхан бүлгийн гишүүн Д.Бат-Эрдэнийгээ өмгөөлөн ээлжилж үг хэлсэн бөгөөд хуралдааныг нээлттэй явуулах саналыг удаа дараа гаргасан байна. Тэд “Нууж хаах зүйлгүй. Асуудлыг нээлттэй хэлэлцэх хэрэгтэй. Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компанид хувьцаа эзэмшдэг. Тэндээсээ ногдол ашгаа авсан хүн. Татвараа төлдөг, Санхүүгийн зохицуулах хорооноос хянадаг. Бараг иргэний маргаанаар шийдэх асуудал. Хууль шүүхийн байгууллагынхан олон нийтийн санааг амраахын тулд яаран хүн буруутгаж байгаа юм биш биз. Хүмүүсийн дунд шуугиан үүсгэсэн бүхний ард улстөржилт л явж байдаг. Энэ бол хүний хувь заяатай холбоотой асуудал. Ер нь нүүрсний 40 их наяд, оффтейк гэрээний их мөнгөн дүнтэй хэрэг юу болж байгаа юм. Шалгалтын явцыг хэлж өгөөч Ерөнхий прокуророо. Хууль шүүхийн байгууллагынхан яаран нэр оруулж ирээд парламентын дархлаанд сөргөөр нөлөөлж байгаа юм биш биз. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэхгүй” зэрэг ижил агуулгаар асуулт асууж, хариулт авчээ.

Ерөнхий прокурорын хувьд шалгалтын ажиллагаа явагдаж байгааг дуулгасан байна.

Харин МАН-ынхан хоёр гишүүнийхээ асуудлаар ямар нэгэн байр, суурь илэрхийлэлгүй 14.00 цаг хүргэсэн бөгөөд энэ үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы хуралдаанд орж “Гурван гишүүн бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулчих хэрэгтэй. Парламент хариуцлага тооцож чадахгүй бол ард түмэн хариуцлага тооцно шүү” гэж шахалт үзүүлсэн байна. Ерөнхий сайдын хувьд үүнээс өмнөх өдөр хуралдсан бүлгийн хуралдаа ч энэ байр, суурийг илэрхийлсэн бөгөөд “Улсаа бодох уу, гишүүдээ бодох уу гэдэг амаргүй шийдлийн өмнө Монгол Ардын нам ирсэн. Мэдээж энэ шийдвэрийг та бүхэн гаргахад амаргүй байгаа байх. Гэхдээ эцсийн дүндээ улсаа бодох нь зүйтэй. Тиймээс нүүрсний асуудалд нэр холбогдож яллагдагчаар татагдсан гишүүдийг прокурорын саналын дагуу бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой” гэсэн байдаг.

-МИНИЙ БОЛОН КОМПАНИУД, ЭХНЭРИЙН МИНЬ ХУВЬЦАА НАД ДЭЭР ОРЖ ИРСНИЙГ ИЛҮҮ МӨНГӨ АВСАН ГЭЖ БАЙНА-

Прокуророос

  • Д.Бат-Эрдэнэ гишүүнийг 2006-2022 оны хооронд “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүдийг гаргуулан гүйцэтгэх захирал, Ерөнхий нягтлан бодогчоор дамжуулан олговол зохих хэмжээний ногдол ашгийн дүнгээс өөртөө 28.7 тэрбум төгрөг, “Ажнай” корпорацдаа мөн тодорхой хэмжээний мөнгөн дүнгээр илүү олгуулсан
  • Хууль бусаар олж авсан их хэмжээний ногдол ашгаа “Капитрон” банкны дансаараа дамжуулан авч мөнгө угаасан
  • Өмнөговь аймагт 286.3 тэрбумын ногдол ашиг олгохоос зургаан тэрбум гаруй төгрөгийг шилжүүлээгүй гэх үндэслэлийг хэлж яллагдагчаар татсанаа мэдэгдэж буй. 

Харин үүнд Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой хувьцаат компани нээлттэй хувьцаат нээлттэй компани. Бүх нэгж хувьцаанд хэдэн төгрөгийн ногдол ашиг өгөх вэ гэдэг нарийн тооцоо гардаг. Авах ёстой ногдол ашгаа л авсан. Миний нэр болон эхнэр, компаниудын нэр дээр байдаг хувьцаануудыг нийлүүлж авсан. Гэхдээ та бүхэн Өмнөговьчуудын сонголтыг хүндэтгээд УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг бүрэн эрхтэй нь үлдээгээрэй. Өмнөговийн иргэдийн сонголтын ядаж тавин хувь нь энэ танхимд үлдээд ажлаа үргэлжлүүлээд, Өмнөговьчуудын саналыг илэрхийлж байх ёстой шүү” гэсэн тайлбарыг хийсэн байна.

-Н.НАРАНБААТАР ГИШҮҮН ХАМГИЙН ОЛОН УДАА ТАЙЛБАР ХИЙСЭН БОЛ Т.АЮУРСАЙХАН БҮРЭН ЭРХТЭЙГЭЭ ШАЛГУУЛМААР БАЙНА ГЭЖЭЭ-

Харин Н.Наранбаатар гишүүний хувьд “Намайг 16 объекттой гэсэн. Гэвч надад битүүмжлээд байх 16 объект байхгүй. Манай төрсөн дүү бизнес хийдэг нь үнэн. Хоёр машин гаалиар журмынх нь дагуу оруулж ирсэн. Хятадын гаалийг зохицуулаад, дараалал зөрчиж машин оруулж ирнэ гэж байхгүй шүү дээ.

Манай дүүгийн компани 60 сая төгрөгийн тендерийн ажил авсан нь үнэн. Нээлттэй сонгон шалгаруулалт нь зарлагдсан. Тусгай хамгаалттай газар нутагт тэмдэглэгээ хийдэг файз төмөр нийлүүлэх ажил байсан. Сонгон шалгаруулалтад манай дүүгийн компаниас өөр компани оролцоогүй. Худалдан авах ажиллагааны газраас сонгон шалгаруулсан байхад нь би захирамж гаргаад баталсан. Ингэхдээ ашиг сонирхлын мэдүүлгээ бөглөсөн. Маршал таун хотхонд дөрвөн өрөө байр авсан. Хуучин байраа 250 сая төгрөгөөр зараад, УИХ-аас хөдөөгийн гишүүдэд 50 сая төгрөгийн дэмжлэг өгснийг нэмээд, Хаан банкны зээл, ах дүү нараасаа тусламж аваад төлсөн юм. Энэ баримт нотолгоогоо өгсөн” зэргээр тайлбараа хийжээ. Тэрбээр тухай бүрт нь нээлттэйгээр тайлбараа хэлсээр байсан билээ. 

Т.Аюурсайхан гишүүний хувьд ч ялгаагүй бүрэн эрхээсээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулъя гэх байр, суурийг удаа дараа илэрхийлсэн байгаа юм. Түүнийг сүлжээ үүсгэн мөнгө угаасан гэдгийг прокурор онцолсон билээ.

АН гишүүдээ хамгаалж дуугарсан бол МАН намын даргынхаа шийдвэрийг дагаж шийдвэрээ гаргалаа. Одоо  оффтейк гэрээ, 40 их наядын гэх хулгайн хэрэг хэрхэн шийдэгдэхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.  хүлээх үлдлээ. Ташрамд дурдахад, Удахгүй эхлэх Нүүрсний хэрэгтэй холбоотой сонсголын үеэр энэ тухай мэдээллийг ил болгоно гэж УИХ-ын гишүүн ажлын хэсгийн ахлагч Г.Ганболд мэдэгдсэн билээ.