ЧУУЛГАН: Оюутолгойн баяжмал нь хүдэр хэлбэрээр алттай хамт хилээр гарч байгаа. Тус компанийг алтаа тушааж байх яриа хэлэлцээг хийж байгаа

ЧУУЛГАН: Оюутолгойн баяжмал нь хүдэр хэлбэрээр алттай хамт хилээр гарч байгаа. Тус компанийг алтаа тушааж байх яриа хэлэлцээг хийж байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.03.31/ хуралдаанаар Монголбанкнаас 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ирүүлсэн “Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Төв банк 2021 онд 21.9 тонн алт авсан гэж ойлгож байгаа. Гэтэл 2023 онд 17 тонн алт худалдан авна гэжээ. Хил гааль нээгдлээ хулгай нь дийлдэхгүй гэж үзэв үү, эсвэл алт олборлолт буурав уу. Алтны үнэ хэзээ ч буурахгүй. Долларын ханш буурлаа ч, хямрал цаашдаа үргэлжлэхээр байгаа. Далд эдийн засгийг бий болгож байгаа зүйл нь алт. Уулын нэг аманд очоод алт ухдаг. Алт ухсан нь асар их баян болсон. Алтыг аж ахуй нэгж нь тушаадаггүй, хувь хүн тушаадаг болсон. Хувь хүн алт тушаахаар орлогыг нь тодорхойлох боломжгүйг ашигладаг, АМНАТ төлдөггүй. Сангийн яам, төв банк энэ асуудлыг мэддэг хэрнээ өөгшүүлээд яваад байдаг. Олборлосон аж ахуй нэгжээс нь алт авах чиглэлээр юу хийж байна вэ.

“Оюутолгой” компани 2021 онд 1.9 тэрбум ам.долларын зэсийн баяжмал экспортолсон, үүнээс 300 орчим сая ам.доллар нь алт шүү гэдэг. Сангийн яам “За” гэдэг. 300 сая ам.доллар гэдгийг баталгаажуулсан уу. Цаашдаа “Оюутолгой” компанийн баяжмалыг дагаж гарч байгаа алт дээр ямар бодлого барих юм. “Оюутолгой”-н 300 сая ам.долларыг Монголоор дамжуулах чиглэлд юу хийх юм.

Алтны мөнгийг төв банкаар дамжуулах, “Оюутолгой”-н алтыг авах сэдэл хийж байна уу?" гэв. 

Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "2023 онд төв банк 20-22 тонн алт худалдан авах хүлээлттэй байна. 2023 оны гуравдугаар сарын 26-ний байдлаар 2 тонн алт худалдан авсан. 2022 оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт. 2021 оны мөн үед 3,22 тонн алт, 2022 оны мөн үед 2,8 тонн алт тус, тус төв банк худалдан авсан байдаг.

Гэхдээ 2023 оны жилийн гүйцэтгэлээр төв банк 22-23 тонн алт худалдан авах болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

Covid-19 цар тахлын хуулиар төв банк алтны компаниудад санхүүжилт олгоод явж байсан, энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд алт худалдан авалт харьцангуй өндөр дүнтэй байсан. Энэ хөтөлбөрт нийтдээ 505 тэрбум төгрөгийн санхүүжилтийг аж ахуй нэгжүүдэд урт хугацаатай болон богино хугацаатай олгосон. Хуулийн хэрэгжилт өнгөрсөн оны сүүлээр дуусанаар хөтөлбөрийн хэрэгжилт ч дууссан. Бараа бүтээгдэхүүний үнийг хязгаарлах хүрээнд төв банкны зүгээс алтыг худалдан авахдаа Лондонгийн металлын биржийн үнээс 5 хувиас илүү үнээр алт худалдан авсан. Энэ хүрээнд 133 орчим тэрбум төгрөгийг 5 хувийн илүү төлөлтөд зарцуулсан. Эргээд алтны секторын бизнесийн үйл ажиллагааг дэмжих хөшүүрэг болсон.

“Оюутолгой” компанийн хувьд төв банкны валют арилжаанд оролцоод валют нийлүүлдэг. 2021 онд 873 сая ам доллар, 2022 онд 1.3 тэрбум ам.доллар, 2023 онд одоогоор 443 сая ам.доллар нийлүүлээд явж байна. Оюутолгойн баяжмал нь хүдэр хэлбэрээр алттай хамт хилээр гарч байгаа. Стандартчилал хэмжил зүйн Улсын сорьцын хяналтын алба бүртгэлжүүлээд, сорьцыг нь тогтоогоод хилээр гаргадаг гэж ойлгож байгаа.Төв банк “Оюутолгой” компанийг алтаа тушааж байх яриа хэлэлцээг 2009 оноос эхлээд хийж ирсэн. Тогтвортой байдлын гэрээ болон хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд зохицуулагдаад явж байгаа гэж тайлбарладаг.

Асуултад хариулт авч дууссаны дараа Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2023 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төслөөр санал хурааж баталлаа. Сануулахад, Эрдэнэсийн сангийн асуудал нь маш нууц зэрэглэлд багтаж, хэлэлцэгддэг байсан ч 2022 онд баталсан Төрийн болон албаны нууцын тухай хуульд өөрчлөлт оруулснаар ил нээлттэй хэлэлцэх боломжтой болсон юм байна" гэлээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө