Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн С.Халиун: Нүүдэлчдийн агуу их соёлын томоохон төлөөллийн нэг нь бөө мөргөл юм /ВИДЕО/

Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн С.Халиун: Нүүдэлчдийн агуу их соёлын томоохон төлөөллийн нэг нь бөө мөргөл юм /ВИДЕО/

Монголын бөө мөргөлийн ноён оргил болсон "Голомт" төвийг үүсгэн байгуулсны 33 жилийн ой энэ жил тохиож байна. 1990 онд Ш.Сүхбат нь Монгол бөө мөргөлийг анх судалж эхэлснээр монголын бөө мөргөлийн хуудаснаа шинэ үеийг нээжээ. Тэрбээр монголын бөө мөргөлийг зургаан жилийн турш судалж улмаар “Голомт” төвийг үүсгэн байгуулж, 1996 оны тавдугаар сарын нэгний өдөр албан ёсоор гэрчилгээгээ гардан авч байсан түүхтэй аж.

ВИДЕО: 

-БӨӨ МӨРГӨЛИЙГ ЗУРГААН ЖИЛ СУДАЛСНЫ ҮНДСЭН ДЭЭР “ГОЛОМТ” ТӨВИЙГ БАЙГУУЛЖ, АЛБАН ЁСООР ГЭРЧИЛГЭЭ АВЧЭЭ-

Тухайн үед Ш.Сүхбат төрийн албанд ажиллаж байсан бөгөөд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газарт ажлаар очих үед нь өөрийн найз н.Буяндэлгэр нь У.Цэгмэд удгантай анх уулзуулснаар тэрбээр бөө мөргөл руу эргэлт буцалтгүйгээр орсон байна. Санхүү эдийн засгийн ухааны доктор, Санхүү эдийн засгийн их сургуульд 20 гаруй жил багшилсан Ш.Сүхбатыг анх бөө мөргөлийг судалж эхлэх үед ойр дотнынхон нь “Дэмий зүйл сонирхлоо, одоо болиоч ээ” гэж хэлж, эсэргүүцэж байсан гэдэг.

Харин тэрбээр монголын бөө мөргөл гэдэг бол нүүдэлчдийн агуу их соёл дотор багтсан асар том зүйл байна гэдгийг ойлгож ухаарсан байна.

Мөн тухайн үед бүх зүйл хаалттай, Б.Ренчингийн “Монгол бөөгийн харын дуудлага” гэх номоос өөр бөө мөргөлтэй холбоотой ном товхимол ховор байжээ. Тиймээс ч Ш.Сүхбат нь Хөвсгөл, Дорнод, Завхан зэрэг аймгуудаар зургаан жилийн турш явж удган, зайрангуудтай биечлэн уулзаж, тэдний ахуй амьдрал, бөөгийн зан үйл, соёлыг нэг бүрчлэн судалсан байна. Улмаар Монгол бөөгийн төвийг нээхээр болж, У.Цэгмэд, Т.Балжир удган нар “Голомт” гэдэг нэрийг анх санал болгосноор тус төвийн нэрийг сонгож байжээ.

-“ГОЛОМТ” ТӨВИЙН ТЭРГҮҮН Ш.СҮХБАТ НЬ БӨӨГИЙН ШҮТЛЭГИЙГ ХӨРСӨН ДЭЭР ГАРГАХ ГЭЖ ГАНЦААРАА ЭХЭЛСЭН Ч ГАНЦААРАА ЗҮТГЭЭГҮЙ БАЙНА-

Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат нь хөрсөн доор орсон байсан бөөгийн шүтлэгийг хөрсөн дээр гаргах гэж ганцаараа эхэлсэн ч ганцаараа зүтгээгүй байна. Түүнд бөө мөргөлийг гэсэн сэтгэлтэй, итгэл үнэмшилтэй олон арван хүн тусалж, түшиж явсан гэдгийг Ш.Сүхбатын охин, өнөөгийн “Голомт” төвийн тэргүүн С.Халиун онцолж байна.

Тэрбээр “Бөө мөргөл нь монголын агуу их соёлын охь шим, өрөм цөцгий нь учраас аав минь монголын бөө мөргөлийг судалж, “Голомт” төвийг үүсгэн байгуулсан.

Би аавынхаа энэ их агуу үйл ажиллагааг үргэлжлүүлж яваагаа их нэр хүндийн хэрэг гэж бодож явдаг. Би ааваараа үргэлж бахархаж, аавыгаа амьд шүтээн хэмээн шүтэж явдаг. Аав минь “Голомт” төвийг үүсгэн байгуулахад олон сайхан удган, зайран, шүтлэгтэн олон дэм болж байсан гэдэг. Тухайлбал, Дархадын их удган С.Баяр, “Голомт” төвийн анхны зайран Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат Г.Төмөр, Б.Баасанжав зайран, Ц.Сумъяа удган Ц.Чулуунбаатар зайран зэрэг олон сайхан удган зайрангууд аавтай минь мөр зэрэгцэн энэ үйлсэд зүтгэж явсан бол орчин цагийн бөө нарын загалмайлсан ээж гэж хэлж болохоор Их удган Д.Энхжаргал, Д.Булган нар нь “Голомт” төвийн хос багана болж, дэд тэргүүнээр ажиллаж байлаа. Эдгээр сайхан хүмүүсийнхээ заримынх нь үр ач, зээ нартай холбоотой байдаг. Харин зарим нэгэнтэй нь холбоо барьж чадаагүй учраас энэхүү мэдээллийг үзэж байвал “Голомт” төвтэй холбогдохыг хүсэж, тэднийхээ тухай ярьж өгөхөд хэзээ ч бэлэн.

Монгол бөөгийн нэгэн эд эс болж яваа бөө мөргөлтөн, удган, зайрангуудад “Голомт” төвийн үүд хаалга үргэлж нээлттэй.

Хамтдаа тэнгэр шүтлэгтэй, газар эх дэлхийгээ хайралдаг ирээдүйг хамтдаа бүтээе. Энэ ташрамд өгүүлэхэд Г.Төмөр зайрангийн хуяг 18 жилийн дараа “Голомт” төвийн гол шүтээн болж залагдан ирсэнд үнэхээр баярлаж, бахархаж явдаг” гэсэн юм.

Сүүлийн үед хүмүүс бөө нараас ид шидийг хүсэх болсон. Тэгвэл С.Халиуны аав Ш.Сүхбат нь “Эрдмийг чадвар болгохыг ид шид гэдэг. Түүнээс бөө нарыг агаарт нисэж эсвэл гал болоод алга болох, шувуу болоод нисэхийг битгий хүсэж хүлээ. Эрдэмтэй чадалтай байвал тэр нь ид шид, иртэй чадалтай байвал тэр нь ид шид юм” гэж захиж сургадаг байна. Тэрбээр 120 гаруй төрлийн ном бичсэний 70 гаруй төрөл нь бөө мөргөлтэй холбоотой ном судар байдаг аж. Мөн тэжээхүй ухааны талаар ч судалгаа хийж, ном товхимол гаргажээ. Тэгвэл энэ бүхний ар талд Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн асан Ш.Сүхбатын гэргий, С.Халиуны ээж С.Дуламсүрэн байсан нь гарцаагүй юм. Монгол бөөгийн “Голомт” төв нь 2005 онд Солонгосын бөөгийн холбоотой анх албан ёсны гэрээ байгуулж, Барилгачдын талбайн урд талд томоохон хэмжээний соёлын үзүүлэх зан үйл үйлдэж байсан бол өдгөө тус холбоотой үйл ажиллагаагаа дахин сэргээн явуулж байгаа аж.  




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө