Х.Нямбаатарын халуулна гэж байсан Мета компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан захирал ажлаа өгчээ

Х.Нямбаатарын халуулна гэж байсан Мета компанийн Зүүн өмнөд Ази хариуцсан захирал ажлаа өгчээ

Өнгөрөгч оны есдүгээр сард /2022.09.20/ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Facebook цахим сүлжээний Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чентэй уулзаж, хурдтай хөгжиж буй цахим орчин, түүний зохицуулалт, эрх зүйн орчны талаар санал солилцсон.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тус яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон талаар өөрийн цахим хуудаснаа мэдэгдэж байсан ч тус мэдэгдлийг Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан олон нийтийн бодлогын газрын захирал ноён Жорж Чен үгүйсгэсэн байдаг. Тодруулбал, Жорж Чен өөрийн твиттер хуудаснаа, “Энэ бол худал. УИХ-аар яаран сандран батлагдахаас өмнө энэхүү хуулийн төслийг хэзээ ч харж танилцаж байгаагүй. Хууль батлагдсаны дараа л анх удаа мэдсэн” гэжээ.

Үүнийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар үгүйсгэж, “Би тэр Жорж Чен гэх нөхрийг ажлаас нь халж өгөөч гэх албан бичгийг “фейсбүүк” компанид явуулах гэж байгаа. Надтай уулзсан, хуулийн орчуулгаа өгсөн, хамтарч ажиллая, 11 дүгээр сард ажлын хэсгээ ирүүлье гэсэн. Гэтэл намайг худалч хүн гэсэн. Надтай уулзсан ярианых нь аудио протокол байгаа. Мета компани, фейсбүүк сүлжээ улс орны дотоод хэрэгт оролцох ёсгүй. Манай улсын төрийн зарим албан хаагч руу дарамталсан мэйл явуулсан. АНУ-ын шахалт дарамтад оруулж, манай улсыг хоригт оруулна гэсэн мэйлүүдийг ч ирүүлж, оролцохын дээдээр оролцсон. Тиймээс эхний ээлжид Жорж Чен гэдэг нөхрийг ажлаас халж, надаас уучлалт гуй гэсэн шаардлагыг тавина. Уучлалт гуйхгүй бол би шүүхэд хандана" гэсэн. 

Тэгвэл Жорж Чен ажлаа өгчээ.

Тэрбээр цахим сүлжээнд “Мета компанид долоон жил ажиллахдаа Төв Азийн асуудал хариуцсан захирал хүртэл дэвшсэн. Метагийнхаа хамт олон аз, амжилт хүсье. Бидний нөхөрлөл үргэлжилнэ гэдэгт итгэж байна” хэмээн бичжээ. Тэр ажлаа өгч, Хонг Конгийн их сургуульд мэргэжил дээшлүүлэхээр элссэн бололтой.