ТОДРУУЛГА: Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэр хүний буруутай үйл ажиллагаас болж дэгдсэн гэв

ТОДРУУЛГА: Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймэр хүний буруутай үйл ажиллагаас болж дэгдсэн гэв

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрийн талаарх мэдээлэл ойрын хэд хоног олны анхаарлын төвд байлаа. Түймэр хурдан хугацаанд газар авсны улмаас олон арван га газар түймэрт өртөж, гурван айлын гэр, хашаатай мал, зэрлэг ан амьтад түймэрт өртсөн харамсалтай үйл явдал болсон билээ.

Түймрийн голомтод онцгой байдлын алба хаагчид, хилийн цэрэг, зэвсэгт хүчин,  орон нутгийн иргэд үүрэг гүйцэтгэж, бүрэн унтрааж чадсан юм. Харин түймрийн дараах харамсалтай дүр зураг өдгөө ч олны сэтгэлийг сэрд хийлгэж байна. 

Тэгвэл түймэр юунаас дэгдсэн талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Галын шалтгаан нөхцөлийг тогтоох Ажлын хэсэг гарсан ажиллаж байгаа. Одоогоор шууд хэний буруугаас болсон гэдэг урьдчилсан дүгнэлтийг хэлэх боломжгүй. Ямартай ч хүний хүчин зүйлээс болж гал түймэр дэгдсэн. Харин чухам аль аймаг, сумын хэн гэж хүн санаатай болон санамсаргүй байдлаар гал түймэр тавьсан гэдгийг нарийн шалгаж тогтоох ажиллагаа хийгдэж байна" гэлээ.  Мөн өөр эх нэгэн эх сурвалжийн мэдээлж буйгаар зүүн аймагт хэд хэдэн хэсэг газарт түймэр гарсан. Түймрийн шалтгаан нь автомашины яндангаас оч үсэрч гарсан байж магадгүй гэсэн юм.

Хаврын хуурайшилтын улирал эхэлчихсэн, салхи шуургатай байгаа нь түймэр тархах эрсдэлийг нэмэгдүүлж байгаа тул иргэн та хаврын салхи, шуургатай өдрүүдэд ой, хээрт явахдаа:

  • Түлсэн гал, асаасан чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах
  • Айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх зэргээр галын аюулгүй байдлыг сайтар хангахыг мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.