АН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Үндэсний бодлогын хороо эцсийн шийдийг гаргана /ВИДЕО/

АН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр Үндэсний бодлогын хороо эцсийн шийдийг гаргана /ВИДЕО/

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, энэ тал дээр тус намын зүгээс баримтлах байр суурийн талаарх Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн мэдээллийг сонссон байна.

ҮЗЭХ:

Удаад нь өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулж хийсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын мэдээллийг мөн үеэр сонссон аж. Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал бол том асуудал. Одоогийн боловсруулсан хуулийн төсөлд гишүүдийн тоог нэмэгдүүлсэн зэрэг анхаарвал зохих заалт байгаа тул АН-ын төлөөллийн төв байгууллага хуралдаж, шийдвэрээ гаргах ёстой. Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо эцсийн дүндээ улс төрийн шийдвэр гаргаж, АН-ын бүлэгт эцсийн чиглэлийг өгөх нь зүйтэй гэсэн байр суурийг гишүүдийн зүгээс илэрхийлсэн. Одоогийн байдлаар, Үндсэн хуулийн шат шатны өөрчлөлтүүд дээр ажиллаж байсан гишүүд болоод Үндэсний бодлогын хорооноос ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ хүрээнд тодорхой шийдвэрүүд гарах болно.

Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд АН-аас хэд хэдэн санал өгсөн. Зарим нь уг төсөлд тусгагдаад буй. АН зарчмын хувьд 2-3 чиглэлийг барьж байгаа. Монголын улс төрийн тогтолцоонд төр эрх баригч намын дэмжлэг үзүүлэгч бааз болдог тул энэ тал дээр хязгаар тогтоох хэрэгтэй хэмээн үзсэн. Ер нь олон асуудал дээр нухацтай хандана гэж үзэж байгаа ба зарчмын хувьд хуулийн төслийг дэмжсэн” гэлээ.