Ирэх тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна гэх мэдээлэл байна

Ирэх тавдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саудын Арабын Хаант Улсад, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна гэх мэдээлэл байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ирэх сард /2023.05/ аль оронд айлчлал хийхээр бэлтгэж байна вэ. 

-САУДЫН АРАБ НЬ МАНАЙ УЛСААС МАХ, ХАТААСАН СҮҮ, ХҮНСНИЙ НОГОО ЗЭРГИЙГ АВАХ СОНИРХОЛТОЙ-

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх сард Саудын Арабын хаант улсад айлчилна гэх мэдээлэл улс төрийн түвшинд яригдаад удаж буй. Манай улсаас Кувейт улсад суух Элчин сайд П.Сэргэлэн айлчлалын бэлтгэлийг хангаж байгаа аж. Уншигчдад сануулахад, өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар тус улсад ажлын айлчлал хийж Засгийн газрын гишүүн, Төрийн сайд, Ханхүү Турки Бин Мухаммад Бин Фахд Аль-Саудтай уулзсан.  Энэ үеэрээ дээд, өндөр түвшний айлчлалын талаар ярилцсан ньирэх сард хийх Ерөнхийлөгчийн айлчлалын бэлтгэлийг хангаж явсан гэсэн үг юм. 

Ерөнхийлөгчийн айлчлалаар худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч болон байгаль орчны чиглэлийн асуудлуудаар яриа хэлэлцээ болж магадгүй юм. 

Саудын араб нь манай улсаас мах, хатаасан сүү, хүнсний ногоо зэргийг авах сонирхолтой байгаагаа урьдчилан илэрхийлсэн гэх мэдээлэл ч бий. 

-Х БОГДЫГ ДАЛАЙ ЛАМД МӨРГҮҮЛСЭН АСУУДЛААС ШАЛТГААЛАН ЕРӨНХИЙ САЙДЫН АЙЛЧЛАЛЫГ ХОЙШЛУУЛЖ МАГАДГҮЙ-

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилна. Гэхдээ зарим нөхцөл байдлаас шалтгаалан тус айлчлалыг хойшлуулж болзошгүй гэх мэдээлэл бий. Учир нь Х Богдыг Далай ламд мөргүүлсэн асуудлаас шалтгаалан БНХАУ-ын талаас зарим шахалтыг үзүүлэхийн зэрэгцээ Ерөнхий сайдын айлчлалыг хойшлуулсаар байгаа гэх мэдээлэл бий. Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нэгэн уулзалтын үеэр "Нэг, хоёр, гуравдугаар сард нүүрсний борлуулт хамгийн өндөр байсан. Хамгийн ихдээ нэг өдөрт 200 000 тонн нүүрсийг экспортлосон. Цаашдаа БНХАУ-ын гангийн үйлдвэр, аймгуудын дотоод хэрэглээнээс шалтгаална. Дөрөв, тавдугаар сард энэ хэмжээнээс буурахгүй бол 2023 ондоо 50 сая тонн нүүрс экспортлох боломжтой.  Ер нь манай нүүрсийг авах сонирхолтой байгаагаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тус улсад хийсэн айлчлалын үеэртөрийн түвшиндээ мэдэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  ч мөн тав, зургадугаар сардаа багтаад БНХАУ-д айлчлах төлөвлөгөөтэй байна. Энэ үеэр мөн нүүрсний экспортыг хөндөнө. Бид цаашид коксжих нүүрс гэлтгүй эрчим хүчний нүүрсийг нийлүүлэх сонирхолтой байгаа" гэж мэдэгдсэн билээ. 

Харин УИХ-ын Г.Занданшатар хэд, хэдэн оронд айлчлахаар яриа хэлэлцээрийн түвшинд ажиллаж буй ч хугацаа нь тодорхой болоогүй гэдгийг албаны эх сурвалж мэдээлллээ.

Манай улсын хувьд Украин, Х Богдын зэрэг асуудлаас үүдэн амаргүй нөхцөл байдалд байгаа ч төрийн түвшиндээ олон тулгуурт гадаад бодлогоор ажиллаж, хамгийн ухаалаг тоглолтыг хийж буй гэдгийг судлаачид хэлдэг. Үүнд төрийн өндөр, дээд түвшний айлчлалууд ч нөлөөлдөг бөгөөд айлчлал нь тухайн оронтой найрсаг, хамтын ажиллагаатай байгаа шүү гэдгийг илэрхийлэх үйлдэл юм. Тиймээс айлчлал бол бидний гадаад бодлогыг ахиулах, нэр хүндийг өсгөх, эдийн засгийг тэлэх, олон улстай хамтын ажиллагааг ахиулж тэр хэрээр үр дүнд хүрэх чухал үйл явдал юм.