Н.Багабандийн оронд Оюутолгойн ТУЗ-д томилогдсон Ж.Тана нь УИХ-ын Тамгын газрын хэлтсийн дарга Ц.Жамбалдоржийн охин аж

Н.Багабандийн оронд Оюутолгойн ТУЗ-д томилогдсон Ж.Тана нь УИХ-ын Тамгын газрын хэлтсийн дарга Ц.Жамбалдоржийн охин аж

Монгол Улсын Засгийн газрын өчигдрийн буюу 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдрийн хуралдаанаар "Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүн Н.Баганбандийн оронд дэлхийн тэргүүлэх их дээд сургуульд боловсрол эзэмшиж, дэлхийн шилдэг компанид ажиллаж байсан туршлагатай Ж.Тана гэх эмэгтэйг томилсон нь олны анхаарлыг татсан.

Тэгвэл Ж.Тана гэж хэн бэ гэх олны асуултад хариулт эрлээ. 1989 онд төрсөн Ж.Тана нь:

  • 2007 онд АНУ-ын Юта мужчин "Васач Академи" бүрэн дунд сургуулийг дүүргэжээ.
  • 2011 онд Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалаар бакалаврын зэрэгтэй төгссөн анхны монгол оюутан аж.
  • 2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын дэргэдэх Глобал Шэйпэрс нийгэмлэгийн нэрэмжит тэтгэлгийг хүртэж Оксфордын их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
  • 2012-2013 онд Куинсландын их сургуульд "Байгалийн баялаг, байгаль орчны чиглэлээр диплом хамгаалсан байна.

Харин тэрбээр 2011-2012 онд Дэлхийн уул уурхайн могулуудын нэг Рио Тинтогийн Австраль дахь компанид Технологи, инновацын хэлтэст бизнесийн шинжээч, 2012-2013 онд "Нортпаркс" зэсийн гүний уурхайд бизнесийн шинжээч, 2013-2015 онд Оюу Толгой компанийн Нэгдсэн төлөвлөлт болон үйл ажиллагааны төслийн дунд болон урт хугацааны төлөвлөлтийн шинжээчээр тус тус ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.

"Оюутолгой"-н ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон Ж.Тана нь ийнхүү гадаадад өндөр боловсрол эзэмшиж, дэлхийн шилдэг компанид ажиллах боломжийн ард магадгүй хэн нэгэн эрх мэдэлтэй, албан тушаалтан байсан уу гэх хардлага нийгэмд төрөөд байгаа нь нууц биш. 

Тэгвэл Ж.Танын аав Ц.Жамбалдорж нь төрийн өндөр албан тушаал хашдаг нэгэн аж.

Тодотговол, Ц.Жамбалдорж нь АНУ-ын Вашингтон дахь ЭСЯ-нд зөвлөх, Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Бүгд Найрамдах Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, мөн Албани, Мальта, Сан Марино улсад хавсран суух Элчин сайдаар давхар ажиллаж байсан бөгөөд өдгөө УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилладаг байна.

Товчхондоо, мэдлэг боловсрол, ажлын туршлагаараа гайхагдаж буй "Оюутолгой"-н ТУЗ-ийн шинэхэн гишүүн Ж.Танын гадаадад өндөр боловсрол эзэмшиж, шилдэг компанид ажиллаж, өдгөө дээрх албан тушаалд томилогдсоны ард түүний аав Ц.Жамбалдорж байсан байж магадгүй юм.