УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.21/ үдээс өмнөх хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг " Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Нийгмийн даатгалын үндэсний төвийг цэгцэлж, өөрчлөхгүй бол шинэ хүмүүс томилогдож очсон ч нөхцөл байдал хэвээрээ л байна. Энэ зөвлөл 300 тэрбумын өглөг, авлагаа ч авч чадаагүй байна. Сайдын багцад орсон эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 3-4 хувиас хэтэрдэггүй байсныг 2018 оноос 7.6 хувь 1.4 их наяд төгрөгт хүргэсэн. Эрүүл мэндийн сайдын багцад орсон энэ их мөнгө эрүүл мэндийн даатгалаар дамжаад хэрэгжихдээ шударга зарцуулагдаж байна уу, эзнээ олж байна уу, санхүүжилт нь хаана орж байна гэдэгт хяналт тавих үүрэгтэй Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл үүргээ биелүүлж чаддаггүй. Захиран зарцуулж байгаа сайдынхаа дор ажилладаг нь утгагүй юм. Төсөв захиран зарцуулагч нь хяналт тавьдаг зөвлөлийнхөө дарга нь байна гэдэг боломжгүй. Тиймээс үүнийг цэгцлэхгүй бол хичнээн мундаг хүн томилоод ч асуудал шийдэгдэхгүй. Хуулиудаар үүнийг цэгцлэх хэрэгтэй байна.
Би байнгын хорооны дарга Эмийн бизнес, эмнэлэг дагасан бүлэглэлтэй үнэхээр үзэж, тарж байсан. Нэг долларын эмийг 100 доллараар зарж байгаа газар байна. Чанарын шаардлага, стандарт хангахгүй хууль бус газруудаас эм оруулж ирдэг компаниуд байна. 3400 төгрөгийн үнэтэй эмийг 300 гаруй мянган төгрөгөөр зардаг бүлэглэлүүд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд сүлжээгээ оруулдаг" гэлээ.
ҮЗЭХ: