Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор “Төмөр замын агентлаг” болон "Тарифын зөвлөл" байгуулна

Ж.Бат-Эрдэнэ: Төмөр замын хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор “Төмөр замын агентлаг” болон "Тарифын зөвлөл" байгуулна

МАН-ын бүлгийн ээлжит хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар Ж.Бат-Эрдэнэ гишүүн мэдээлэл өглөө.

Ж.Бат-Эрдэнэ гишүүн “Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэх гэж буй. Энэ долоо хонгийн гурав дахь өдөр байнгын хороогоор орж, дөрөв дэх, тав дахь өдөр чуулганаар хэлэлцээд явна. Төмөр замын салбар 1946 анхны хэлэлцээг хийж, 1949 онд анхны төмөр зам баригдсан. Түүнээс хойш төмөр замын үйлчилгээ авч 2007 онд анх төмөр замын хууль баталсан. Одоо зах зээлийн хүрээнд төмөр замын хуульд зайлшгүй шинэчлэл хийх шаардлагатай болсон. Тиймээс энэ хуулийн цоо шинэ хууль гэж хэлж болно.

Энэ хууль анх ОХУ-ын хуулийг үндэслэж хийгдэж байсан. Одоо үг үсгийн хувьд шинэчлэгдэж, ард иргэд уншаад ойлгох өөрчлөлт их оруулж байгаа. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар төмөр зам тээвэрлэгч, суурин эзэмшигч гэж хоёр компани болж хувирна.

Тэгж хүртээмжтэй үйлчилгээ авахаар зохицуулагдсан хууль орж ирж байгаа. Мөн Төмөр замын хувьд өмнө нь нэг л төмөр зам байсан бол нэмж 890 гаруй км төмөр зам тавьсан. Өнөөдөр бид 2800 гаруй км төмөр замтай болж байгаа. Иймд төр болон хувийн хэвшлийн төмөр замуудын хоорондын харилцааг уялдуулах хэрэгтэй. Иймд яамны дэргэд төмөр зам хоорондын харилцааг зохицуулах “Төмөр замын агентлаг” бий болгоно. Үнэ тарифыг тухайн төмөр замыг эзэмшиж буй газрын дарга гаргана. Харин төрийн хэвшлийнхийг салбарын сайд гаргана. Үүнтэй холбогдуулан мөн бид Төмөр замын үнэ, тарифын зөвлөл гэж гаргаж байгаа юм. Тарифын зөвлөл судалгаа хийж, үнэ тогтоож, зохицуулалт хийнэ” гэлээ.